БНН: Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарыг худал мэдээлэл тараасандаа уучлалт гуйхыг шаардаж байна
Бүгд Найрамдах Намын Улс Төрийн зөвлөл мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд: “Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол таван өдөр үргэлжилж, 2023 оны 03 дугаар сарын 17-ны баасан гарагт өндөрлөсөн.
“Нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсголын тайланг боловсруулж, Хянан шалгах түр хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Сонсголыг ямар нэг улс төрийн нөлөө, бизнесийн нөлөөлөл, оролцоо, шахалтгүй, хараат бусаар явуулахыг, олон нийтэд хүргэхийг хичээж ажиллалаа хэмээн УИХ-ын гишүүн,Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгджээ.
Гэвч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол”-ын үеэр тус намын дарга Б. Жаргалсайханыг ард түмний мөнгийг хулгайлсан хулгайч, хөгжлийн банкнаас хүүгүй зээл авсан, сүүлийн 9 жил нэг ч төгрөг төлөөгүй, нэр нүүр намтар алга хэмээн ор үндэсгүйгээр илтэд гутаан доромжилж, гүжирдэн гүтгэсэн нь Монгол улсын үндсэн хуулийн тодорхой заалтууд болон гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно гэсэн үндсэн зарчмыг уландаа гишгэсэн үйлдэл боллоо.
Хянан шалгах түр хорооны гишүүдийг бодит үнэнийг олон нийтэд ил болгоно хэмээн иргэд сонгогчид өндөр хүлээлттэй байсан боловч зарим гишүүд гэрчүүдийн үгийг сонсч чадахгүй, эрх тэгш ажил хэрэгч хэлэлцэж мэдэхгүй, тэвчээргүй, ярьж байгаа зүйлээ судлаагүй, хэт субьектив, туйлын бүдүүлгээр батлагдаж нотлогдоогүй мэдээлэл тарааж нийгмийг талцуулж байгаад туйлаас харамсаж байна.
Нээлттэй сонсголд төсвийг мөшгих, үнэнийг тодруулах, үр дүн чухал болохоос Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар зэрэг гишүүдийг гоё харагдуулах, оноо нэмэх ажил биш. Иймээс Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүдийг худал мэдээлэл тараасандаа уучлалт гуйхыг шаардаж байна. УИХ-ын ээлжит сонгууль ойртож байгаа энэ цаг үед нэр бүхий улс төрчдийг харлуулах замаар сөрөг хүчний намуудын нэр хүндийг унагах, сонгогчдод нөлөөлөх гэсэн увайгүй үйлдлээ зогсоохыг нэр бүхий гишүүд болон МАН-аас шаардаж байна.” гэсэн байна.
Sonin.mn
URL: