Турк Украины үр тарианы гэрээг 120 хоногоор сунгахыг зорьж байна
АНКАРА. /Reuters/. Турк улс Украины Хар тэнгисийн боомтуудаас үр тариа тээвэрлэхийг зөвшөөрөх тухай гэрээг 60 хоног биш 120 хоногоор сунгахаар үргэлжлүүлэн хэлэлцээ өрнүүлнэ гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар лхагва гарагт мэдэгджээ.
“Бид гэрээний анхны хувилбарын дагуу хэлэлцээг эхлүүлсэн. Гэрээг сунгах нь ихээхэн ач холбогдолтой. Бид гэрээг хоёр сараар бус 120 хоногоор сунгах болно” хэмээн Х.Акар мэдэгдсэнийг Батлан хамгаалах яам уламжилсан байна. Гэрээний талууд үнэлгээ дүгнэлт хийж, хэлэлцээрийг дахин сунгах асуудлыг шийднэ гэж тэрбээр мөн хэлээд, Анкара нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгааг илэрхийлжээ.
Өнгөрсөн оны долоодугаар сард байгуулсан гэрээгээр далайн хамгаалалттай дамжин өнгөрөх зурвасыг байгуулсан бөгөөд дэлхий даяар хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэхийн тулд үр тариа, тосны ургамлын томоохон экспортлогч Украины гурван боомтоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг экспортлохыг зөвшөөрсөн юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай лхагва гарагт утсаар ярих үеэрээ, Москва өөрийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон бордооны экспорттой холбоотой асуудлуудыг “ерөнхий” хэлэлцээрт харгалзан авч үзнэ гэдэгт найдаж байна гэсэн байна.
“Украины үр тариа, Оросын бордоо, хүнсний бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд чөлөөтэй нэвтрүүлэх тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын багц санаачилгыг бүрэн дүүрэн, шударга хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн Оросын байр суурийг нотолсон” гэж Оросын Гадаад хэргийн яам цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Орос, Украины талууд НҮБ-ын дэмжлэгтэй Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээнд Туркт долоодугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурснаас хойш Украины боомтуудаас олон сая тонн үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг экспортлоод байгаа нь түүхэн дээд үзүүлэлтдээ хүрээд байсан дэлхийн хүнсний үнийг бууруулахад ихээхэн үр нөлөө үзүүлсэн юм.
Хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед Орос гэрээг 60 хоногоор буюу өмнө нь сунгаснаас хоёр дахин богино хугацаагаар сунгах санал дэвшүүлээд байгаа бол Украины тал түүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: