Гаднынхныг сандаргаж, монголчуудыг сэрээх Х Богдын эргэн тойронд
Буддын шашны тэргүүн Х Богд Монгол Улсаас тодорч байгаа талаарх мэдээлэлүүд цахим орчинд идэвхитэй өрнөж, эхэллээ. Тодрох тодрохдоо УИХ-ын гишүүн асан Ц.Гаравжавын зээ хүү Х Богдод тодорч, олон жил үүнийг нуусан гэх олны яриа ч бий.
Өөрөөр хэлбэл, 2016 онд Дээрхийн гэгээнтэн Далай лам Монгол Улсад айлчлан ирэхдээ Х Богдыг тодруулж, нас балчир учир түүнийг олонд мэдэгдэлгүй, өнөөдрийг хүрсэн гэх. Х Богдод нэрлэгдээд буй “Монполимент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхнасан, Ч.Алтаннар нарын хүү өдгөө найман настай бөгөөд, XIV Далай ламаас авшиг хүртэж буй бичлэг олон нийтэд ил болсноор Х Богдод тодруулахаар болсон гэх мэдээлэл гараад байгаа юм.
Х Богдын асуудалд манай улс төр геополетик талаасаа маш болгоомжтой ханддаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ болон бусад орны зүгээс Х Богдыг Дээрхийн гэгээнтэн Далай лам тодруулсан нь Монгол, Хятадын найрамдалт харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх таамгууд өрнөж байгаа юм.
БНХАУ-ын хувьд хэдий дийлэнх олонх нь буддын шашныг шүтдэг ч Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтай таарамжгүй харилцаатай. Тиймээс Далай лам Х Богдыг тодруулсан нь манай улс Хятад Улстай зөөлөн бодлогын харилцаа явуулахад хүндрэлтэй асуудал үүсэж болзошгүй гэх таамгууд өрнөж эхэллээ. БНХАУ-тай манайх шашин, төрийн хувьд тун болгоомжилж, хоёр орны найрамдалт харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байх бодлого баримталж ирсэн. Ухаандаа 2016 онд Дээрхийн гэгээнтэн Далай лам манай улсад айлчлан ирэхэд урд хөршийн зүгээс тун тааламжгүй хандаж, манай улсын Засгийн газар ч тухайн үед Далай ламыг ирэхтэй холбоотой хориг тавьж байсан гэх мэдээллүүд ч гарч байлаа.
Өнөөдөр Х Богдыг тодруулах асуудалд ч БНХАУ-ын зүгээс тун тааламжгүй хандаж, өөрсдийн зүгээс Х Богдын хойд дүрийг тодруулах гэж байсан гэх таамгууд ч судлаачдын дунд яригдаж байна. Түүнчлэн манай улсыг Х Богдыг тодруулахгүй бол хоёр орны хамтын ажиллагааг улам бүр сайжруулж, Монгол Улсыг улс төр, эдийн засгийн хувьд дэмжинэ гэх бодлого баримталж байсан гэх таамгууд ч өрнөж байна.
Хэрэв зээ манай улс Х Богдыг тодруулах юм бол БНХАУ хилээ хаах хэмжээнд хүртлээ эсэргүүцлээ үзүүлнэ гэх таамгууд ч өрнөж байлаа. Тиймдээ ч Х Богдыг өнгөрсөн хугацаанд олон жил нуун далдалсан, улс төрийн тааламжит нөхцөл байдал үүсэхийг хүлээж байсан гэх нь ч бий. Түүнчлэн Х Богдын асуудлаар манай улсын нэр бүхий эрхмүүд БНХАУ-ын талд үйлчилж, эх орноосоо урвасан гэх үндэлэлээр цагдан хоригдож байгаа гэх мэдээллүүд ч бий.
Ямартай ч буддын шашны тэргүүн IX Богдын хойт дүр Х Богд Монгол Улсаас тодрох бололтой. Хэрэв зээ Х Богд Монгол Улсаас тодрох нь сүсэгтэн олны хувьд оюун санааг чиглүүлэх гол хүч болж, шашин урсгалын хувьд монголд шинэ үзэл хандалгыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн Х Богдыг гаднын ямар нэг улсын нөлөөгүй зоригтойгоор тодруулах нь, Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулах, гаднын улсын нөлөөнд авталгүй биеэ дааж, үйл ажиллагаагаа явуулдаг улс гэдгээ батлан харуулан нэг том хүчин зүйл гэж судлаачид тайлбарлах нь бий.
Х Богдыг тодруулах эсэх асуудал хөрш орнуудын хараанд өртөж, монголчуудын хувьд түүхэн үйл явдал тохиож буй. IX Богдын хувьд жанч залахын өмнө “Миний хойт дүр Монгол Улсад төрнө” хэмээн айлдсан гэх нь ч бий. Тиймээс олон нийтийн дунд өнгөрсөн хугацаанд Х Богд тодорсон гэх мэдээллүүд олон жилийн өмнөөс гарч байлаа
Тэгвэл энэ талаар бид МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, докторант С.Дэмбэрэлтэй Х Богдын талаар ярилцлаа.
-Х Богдыг Монгол Улсаас тодорч байгаа талаар мэдээллүүд гарч эхэллээ. Та судлаач хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Х Богдын талаар албан ёсныы мэдээллийг Гандантэгчлэн хийд гаргах ёстой. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Х Богд тодорсон гэх мэдээлэл гараад эхэллээ. 2026 онд Далай лам Монгол Улсад айлчлах үеэрээ Х Богд Монголд тодорсон хэмээж байлаа. Богдыг тодруулах асуудал дээр шашны манлайлагч нар санал нэгдэж, дэг жаягийн дагуу тодруулдаг. Өөрөөр хэлбэл Богдыг тодруулахдаа шалгуур, дэг жаяг, шинж тэмдэгүүдийг нь харгалзан тодруулдаг.
Албан ёсоор Богдыг зарлаж, ширээнд нь залах ёсыг Монголын бурхан шашинтны тэргүүн Гандантэгчлэн хийд хийх ёстой. Ингэж байж, Х Богд тодорсон албан ёсны мэдээлэл баталгаажна.
-Х Богдыг тодруулахтай холбоотой манай улс олон жил нууцалж ирсэн. Энэ нь БНХАУ-тай найрсаг харилцаа хамтын ажиллагаанд сэв суух вий гэж их болгоомжилж ирсэн гэдэгтэй холбоотой. Энэ тухайд?
-Би судлаач хүний хувьд үүнийг улстөржүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иргэдийн оюун санаа, сүсэг бишрэлийг гаднын хүчин зүйлтэй холбож, тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Буддын шашин бол монголчуудын хувьд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн 1990 оны ардчилсан хувьсгалын дараа монголчууд шашин шүтэх, эс шүтэх эрх эрх чөлөөгөө олж авч байсан. Улмаар Үндсэн хуульд шашин шүтэхтэй холбоотой зүйл заалт тусгасан байдаг.
Төр нь шашнаа хүндэлж, шашин нь төрөө дээдэлнэ гэж мөрдөж ирсэн. Мөн манайх НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхагт ч хүний шашин шүтэх эс шүтэх эрх чөлөөг хангаж өгөх ёстой гэж заасан. Тиймээс монголчуудын шашин шүтлэгийн асуудалд гаднын улсууд хүндэтгэлтэй хандах ёстой.
-XIV Далай лам Х Богдыг тодруулсанд БНХАУ дургүй байгаа гэх нь бий?
-Шашины тэргүүний хойт дүрийг доруулахад тухайн үеийн хамгийн нэр хүндтэй, эрх мэдэлтэй, ариун сахил санваартай, мэдлэг боловсолтой манлайлагч нар баталгаажуулдаг учиртай. Тиймээс энэ ёсны дагуу Далай лам Х богдыг тодруулж байгаа байх.
Түүнчлэн хэн дуртайг нь Богдод сонгодгүй ээ. Тодорхой шалгуур байдаг. Богдод тодорч байгаа хүн маш өндөр үүрэг хүлээж байгаа. Шашны ном сургуулиас гадна, хэл шинжлэл, шинжлэх ухааны салбарт ч суралцах өндөр үүрэг хүлээж байна. Шашны тэргүүн буюу Богдууд тэр хүний оюун санааны үйл хэргийг үргэлжлүүлэхэд дэм болж чадах, оюун санааны хувьд хөгжихөд нь тусалж чадах гэр бүлийг сонгож төрдөг гэдгийг энд онцлох нь зүйтэй.
-Х Богд тодрох нь манайд ямар ач холбогдолтой вэ?
-Монголчуудын оюун санааны хувьд чухал нөлөө үзүүлнэ. Түүнчлэн нийгмийн тодортой бадлыг бий болгох, улс орны тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдлын баталгаа болох зэрэг чухал ач холбогдолтой. Монголчууд шашнаар дамжуулж, төлөвших, нийгмийн харилцаанд эсрэг үр дагавар авч ирнэ. Түүнчлэн аялал жуулчлал ч түүнийгээ дагаад хөгжинө.
https://ergelt.mn/news/35/single/31166
URL: