Ч.Уранхолбоо: Хоёр настай охиныг хүчирхийлсэн хэргийг хаасанд гомдолтой байна

 image-cf10fa36-cca9-4f29-acfa-03eaac0f680d

Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн хэрэг гарсан. Уг хэргийг хууль, шүүхийн байгууллага тоохгүй, шийдэгдэхгүй байгаа учир хэвлэл мэдээллийн байгууллага, ард түмэндээ хандаж байгааг хохирогч талынхан мэдээллээ.

Хөөрхөн дэлхий ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо: 2020 онд төрсөн эцэг нь хоёр настай хүүхдээ хүчирхийлсэн хэрэг гарсан. Уг хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхэд Хөөрхөн дэлхий ТББ хамтран ажиллаж байгаа юм. Хэргийг хууль шүүхийн байгууллага шийдэж өгөхгүй байгаа учир аргагүйн эрхэнд хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна.

Ээж болон охины сэтгэл санааны байдал хүнд байна. Охиныг сэтгэл заслын эмчилгээнд явуулахаар төлөвлөж байна. Хүүхдийг анх үзүүлэхэд охин хальс нь урагдсан, яалт ч үгүй хохирсон гэдгийг эмч нар хэлсэн. Анх үзлэг хийсэн Хишигмаа эмч хүний амьдрал, ирээдүйтэй хамааралтай, хариуцлагатай дүгнэлт учир бид энэ байр сууриа хатуу илэрхийлнэ гэж хэлж байсан юм. Хэргийн материалд үүнийг хавсаргаад байхад мөрдөгч, прокурор нь дүгнэлттэй танилцахгүй байна. Энэхүү баримтыг хэргийн нотлох баримт гэж хүлээж авахгүй удлаа. Охины биеэр яр шарх, идээт үрэвсэл гарч, цочролд орсны улмаас үс нь халцарч байна.

Хуулийн байгууллагад хандаад амжилт олохгүй байгаа учир УИХ дээр нээлттэй сонсгол хийж өгөөч гэж УИХ-ын дарга Г.Занданшатарт хандсан. Гэвч нотлох баримт дутуу гэдэг үндэслэлээр сонсгол хийх боломжгүй гэж хариу өгсөн.

Над руу хүмүүс утасдаад наад хэрэг чинь 500 сая төгрөгөөс наашгүй, тэр хэмжээний мөнгө гаргаж чадахгүй бол наад хэргийнхээ ард гарахгүй гэж хэлдэг. Яг юу хэлээд байгааг нь би ойлгохгүй байгаа юм. Энэ хэргийг би дундаас нь орхихгүй. Хохирогчийн ээжийг эд хөрөнгийн маргаантай гээд байгаа. Бид охины ааваас ямар нэг мөнгө төгрөг нэхээгүй.

Хохирогч охины ээж: Охиноо долоон удаа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Манай охин эхлээд өөрөө шулуун гэдсээ зааж ярьдаг байсан. Сүүлдээ үтрээгээ зааж ярьдаг болсон. Тэгээд Архангайн шүүх эмнэлэгт үзүүлэхэд урагдсан гэдэг дүгнэлт гаргасан юм. Охины аав явдалтай хүн байсан. Янз бүрийн хүнтэй уулзаж өвчин авчхаад надад халдаадаг байсан. Охины аавын охин дүү нь Баянгол дүүргийн цагдаад, хүргэн нь бас Баянгол дүүргийн цагдаад ажилладаг байсан. Хамаатан садан нь дээгүүр танил тал ихтэй учир хэрэг шийдэгдэхгүй байна.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Чанцалням newspress сайтад өгсөн ярилцлагадаа “Иргэн Ч.Уранхолбоо “төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн 2 настай охины хэргийг хэрэгт нотлох баримт хангалтгүй мөн эцэг эхийн эд хөрөнгийн маргаан гэж үзэн хаасан” гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл. Хүүхдийн биед хийлгэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр насанд хүрээгүй М нь бусдад хүчирхийлүүлсэн болох нь тогтоогдоогүй учраас прокуророос уг хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. Харин иргэн Ч.Уранхолбоогийн хувьд хэргийн оролцогч биш атлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа үндэслэлгүй ташаа мэдээллийг гаргаж байна. Мөн хүүхдийн хувийн нууцад халдаж, овог нэр, хувийн байдал зэргийг олон нийтэд дэлгэж байгаад харамсалтай байна” хэмээн мэдээлэл өгчээ.


URL: