Б.Баатарын асуудлаар Ойрд, халимаг түмний конгресс Монгол Улсын Ерөнхийлөгчид ханджээ
ОХУ-ын иргэн, Халимагийн сөрөг хүчний төлөөлөгч Б.Баатар (Боромангнаев Батыр Батырович) Оросын паспортын хугацаа нь дууссан шалтгаанаар Монгол Улс руу нэвтрэх боломжгүй, Чингис хаан олон улсын нисэх буудалд тав хоносон гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Түүний паспортын хугацаа нь дууссан тул ирсэн газар руу нь буцаах журамтай тул Казахстан руу нисэх онгоцонд суулгах гэсэн ч тэрбээр Монголд үлдэхийг хүсэж, орогнол хүссэн гэсэн мэдээлэл гарч байлаа.
Б.Баатартай холбоотой асуудал олны анхаарлын төвд байгаа энэ үед Халимагийн Ойрд, монгол түмний конгресс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хүсэлт гаргажээ.
“Ах дүү Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч танаа !
Бидний хамтран зүтгэгч, нэрт зүтгэлтэн, Ойрд, халимаг түмний конгрессын орлогч дарга Боромангнаев Батыр Батыровчийг танай сайхан оронд түр хугацаагаар байхад дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсэж, Ойрд, халимаг түмний конгрессын нэрийн өмнөөс танд хандаж байна.
Тэрбээр гадаад паспортын хүчинтэй хугацаа нь дууссан гэсэн шалтгаанаар Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудал дээр хэдэн өдөр байгаа юм. Энэхүү ноцтой асуудал түүнээс шалтгаалаагүй гэдгийг харгалзан үзэж эрхэм хүндэт ноён Ухнаагийн Хүрэлсүх таниас Б.Б.Боромангнаев баримт бичгээ сунгуулах, цаашид Монголд оршин байх эсвэл Европын Холбооны аль нэгэн орон руу явах боломж олж авахад бүх талаар дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна.
Энэ нь түүнчлэн бидний анд нөхөр, ах дүү Батыр Боромангнаевт аугаа өвөг дээдсийнхээ өлгий нутагт очиж, эрх чөлөөт Монгол Улсын агаараар цээж дүүрэн амьсгалах боломж өгөх юм.
Бид бүгдийг мөнх хөх тэнгэр ивээг!
Хүндэтгэсэн,
Ойрд, халимаг түмний конгрессын дарга Арсланг Санджиев” гэжээ.
Энд дуулгахад, Ойрд, халимаг түмний конгресс гэдэг нь 2015 оноос хойш Элиста хотод зохион байгуулагдаж буй үндэсний идэвхтнүүдийн хурал зөвлөгөөнийг зохион байгуулж, зохицуулдаг байгууллага юм. 2021 онд ээлжит чуулганаа явуулж байх үеэд чуулганы зохион байгуулагчдыг цагдаагийнхан баривчилж байв. Өдгөө Конгрессын зарим гишүүд цагаачилсан, харин зарим нь Орост үлдсэн ч байнга хавчлага, мөрдлөгөд өртдөг гэнэ. Энэ байгууллагын удирдлага Конгрессыг халимаг түмний цорын ганц хууль ёсны төлөөллийн байгууллага хэмээн нэрлэдэг юм.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/547603
URL: