Х.Баттулга: Би Сайншандын макет хийгээд яриад явсан юм биш, бүх зүйл судалгаатай

f129a3a5b3d78b7a7c9335569e8f8688“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит ХХК-д олгосон төсөл, зээлийн асуудлыг хэлэлцлээ. Тус асуудалд нийт 15 хүнийг гэрчээр дуудсан бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өмгөөлөгчийн хамт гэрчээр оролцож байна. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит ХХК Хөгжлийн банкнаас 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч 1.8 нь дансны мэдээлэл зөрүүтэйгээс буцаж 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүнээс судалгаа шинжилгээний ажилд 6.3 тэрбум, хуулийн зөвлөх үйлчилгээнд 604.8 сая төгрөг зарцуулсан нь нийт зээлийн 87.1 хувийг эзэлж байна. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК нь 2023 оны хоёрдугаар сарын байдлаар Хөгжлийн банкинд 550.4 мянган ам.доллар, 77.1 мянган төгрөгийн зээл төлөх ёстой юм байна. Нийт дүнгээрээ энэ нь 1.9 тэрбум гаруй төгрөг болох аж. Хяналт шалгалтын явцад Хөгжлийн банкны данснаас 1.8 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй чекээр авсан зэрэг зөрчил байна. Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн 28 хувийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад зарцуулсан байх магадлалтай гэж тус төслийн санхүүжилтэд хяналт шалгалт хийсэн шинжээч дүгнэлтээ танилцууллаа. Мөн байгаль орчны үнэлгээ хийлгэсэн гэх баримтуудын эх хуулбар байхгүй болсон зэрэг зөрчлүүд илэрчээ.

Х.Баттулга: Би Сайншандын макет хийгээд яриад явсан юм биш, бүх зүйл судалгаатай

Ерөнхийлөгч асан Х.Баттулга шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Энэ одоо яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бэ. Би ерөөсөө ойлгодоггүй. Монгол Улс газрын дээрх баялгаа боловсруулах ёстой гэж би ойлгодог. УИХ, Засгийн газрын тогтоолууд нь гарчихсан, энд оролцсон хүмүүс бүгд байна. Энэ бидний хувьд анхны юм. Бид мэдэхгүй. Гаднын мэддэг байгууллагыг хөлсөлж авна. Тэд мөнгөгүй бол хөдлөхгүй. Би энэ ажлаараа бахархдаг. Цаашдаа хийж дуусгана гэж бодож байгаа. Нэлээд ажлууд хийсэн. Нийт 5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Монголын Засгийн газар 34 хувийн хөрөнгө оруулахад энэ нь 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой. Үлдсэн 66 хувь дээр бид хувийн болон гаднын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх ёстой. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ ажлуудыг хийгээд өнөөдөр Тавантолгойгоос Сайншанд хүртэл 410 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуулыг хийсэн. Энэ хөрөнгөө өнөөдөр Засгийн газар 2 тэрбум ам.доллароор үнэлж болно. Одоо бид үүний татан буулгаж байхаар 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихлээ үүнийгээ 34 хувь гэж үнэлж байна. 66 хувьд нь гадна, дотно хөрөнгө оруулагчдыг дуудаж байна гээд зарлах ёстой. Би энэ ажлыг хариуцаад явбал босгочихно. Харамсалтай нь, 2015 оноо жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийнхан шалгалт хийсэн. Саяын ярьсан бүхнийг бүгдийг нь бүтэн жил шалгасан. Баахан хүн аваачиж шоронд хийгээд. 35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийх тийм амар ажил биш. 2 тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн байхад юун татан буулгах вэ. Би үүнийг Ч.Хүрэлбаатар толгойлж хийсэн гэж бодож байна. Ерөөсөө Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх, арьс шир, ноос ноолуураа боловсруулах, газрын баялгаа боловсруулах ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол энэ Ч.Хүрэлбаатар. Ер нь 5, 10 хүн л байдаг. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” баригдах ёстой гэдэгт одоо хүртэл би итгэлтэй байдаг. Төмөр замын бодлого дээр гаднын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа бий. Хаана бид аж үйлдвэрийн цогцолбор барих вэ гэдгийг энэ судалгаан дээрээс гаргасан. Танайх төмөр замын огтлол буюу Зүүн Ази, Азийн зах зээл рүү гарсан Сайншанд дээр нэлээд том цогцолбор хийж болох юм байна. Үүнийг дагаад 200 жижиг үйлдвэр баригдах юм байна гэсэн. Түүнээс Х.Баттулга гэдэг хүн Сайншандын макет хийгээд яриад яваа юм биш Б.Энхбаяр аа. Энэ бол маш том судалгаа. Та нар үзээгүй байх. УИХ, Засгийн газрын тогтоолууд гараад Хөгжлийн банкнаас мөнгө авсан, энэ ажлууд бүгд хийгдсэн. Гэтэл үүнийгээ татан буулгаад сууж байдаг. 2015 оноос хойш 2 жил бүх хөрөнгө оруулагчдыг АТГ, Эрүүгийн цагдаагийн газар шалгаад хөөгөөд явуулчихсан. Одоо яах уу. Танай намын мөрийн хөтөлбөрт ч аж үйлдвэрийн парк, боловсруулах үйлдвэр барина гэчихсэн байна лээ шүү дээ” гэлээ.


URL: