Сирид нурангин дор төрсөн нярайг аварчээ

Сирид нурангин дор төрсөн нярайг аварчээ

Сирийн баруун хойд хэсэгт орших Жиндайрис хотод даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нурангин дороос дөнгөж төрсөн нярай охиныг аварчээ. Ээж нь газар хөдлөлтийн дараа нурангин дор амаржаад амиа алдсан байна. Мөн охины аав, ах эгч дөрөв болон нагац эгч нь амь үрэгджээ.

Нурангин дороос гаргасан нярайг ойролцоох Африн хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч түүний биеийн байдал хэвийн байна гэж мэдэгджээ.

Хүүхдийн хүй нь ч тасраагүй байсан. Нярайн хүйг тасдаж, үеэл маань эмнэлэгт хүргэсэн

Түүний гэр бүлийнхний амьдарч байсан байшин нь Туркийн хилийн ойролцоо орших Идлиб мужийн Жиндайрис хотод байрладаг ба тус хотод 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас сүйдсэн 50 гаруй барилгын нэг юм байна.

Охины авга ах Халил аль-Сувади ах дүүс нь нурангинд дарагдсаныг мэдээд гамшиг болсон газарт яаралтай очжээ. Тэрээр мягмар гарагт Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид нурангийг ухаж байгаад хүүхдийн чимээ сонссон. Хүүхдийн хүй нь ч тасраагүй байсан. Нярайн хүйг тасдаж, үеэл маань эмнэлэгт хүргэсэн” гэжээ.

Хүүхдийн эмч Хани Мааруф охин эмнэлэгт ирэхэд биеийн байдал нь сул, биедээ хэд хэдэн хөхрөлттэй, шархалсан байсан гэж ярьсан байна. “Асар хүйтэн байсан тул хүүхдийн биеийн температур их буурсан байдалтай ирсэн. Бид нярайг дулаацуулж, кальци өгсөн” гэжээ.

Охины ээж Афраа, аав Абдулла болон ах, эгч нарыг нь хамтад нь оршуулсан байна.

Гамшгийн бүс нутагт сайн дурын тусламж үзүүлэн ажиллаж буй “Цагаан дуулга” байгууллагаас мэдээлснээр Сирид болсон газар хөдлөлтийн улмаас 1800 хүн амиа алдсан байна. Тус байгууллага мягмар гарагт Твиттертээ “Цаг хугацаа улам давчуу болж байна. Хэдэн зуун хүн нурангид дарагдсан хэвээр байна. Хүний амь аврахад хором мөч бүр үнэ цэнтэй” хэмээн жиргэжээ. Түүнчлэн “Бид хүмүүнлэгийн болон олон улсын байгууллагуудад хандан гамшигт тусламж үзүүлж буй байгууллагуудад материаллаг дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриалж байна” гэв.

НҮБ-аас баруун хойд бүсийн иргэдэд тусламж үзүүлэхээ амласан ч зам эвдрэлтэй болон бусад логистикийн асуудлаас болж хүргэлт түр хугацаагаар зогссон гэж мэдэгдэв. Мөн тусламж хүргэх үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг засгийн газруудад уриалжээ.

Эх сурвалж: ВВС


URL: