Монгол Улсын өмнө ойрын жилүүдэд уналтад ороод байсан гадаад харилцаагаа идэвхжүүлэх нь хамгийн чухал зорилт байв. Монгол Улс нь нээлттэй, энх тайванч, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримталдаг. Энэ бодлогоо идэвхжүүлэх талаар Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар голлон анхаарч ажиллаж ирсний үр дүнд 2022 онд гадаад харилцааны олон ахиц дэвшил гарсан. Монгол Улс нь цар тахал болон дайны тулгамдсан асуудалтай хөршүүдтэйгээ харилцаагаа тэнцвэржүүлэх, дэлхийн улс орнууд болон НҮБ-д Монгол улсынхаа оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн хэмжээнд улсынхаа амбиц, эдийн засгийн хамтын ажиллагааны олон талт боломжоо таниулах гээд зорилтыг биелүүлэх ёстой байлаа. Хатуухан хэлэхэд Монголчууд гадаад харилцааг аль нэг улсаас зээл тусламж олж ирэх, өндөр дүнтэй мөнгө босгох төдий ойлгож явж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд ч гадаадад айлчилсан дарга сайд нарын гуйвар гуйлга ийм ойлголтыг иргэддээ өгчихсөн. Гадаад бодлогыг дур зоргоороо хэн дуртай нь Монгол улсыг төлөөлөн зоргоор авирлах, нэг нэгнээ үгүйсгэх, өмнөх яриа уулзалт хийсэн Засгийн газар, сайд нар нь огцорч яриа хэлэлцээр бүтэлгүйтэх, ажил хэрэгч асуудлууд замхрах, хариуцах засаг, хамтрах яам тамга нь өмнөхөө үгүйсгэсэн олон зуун Монгол улсын нэр хүндийг унагасан алдааг энд дурьдах нь илүүц.
Энэ бүх алдаан дээрээ дүгнэлт хийж маш богино хугацаанд Монгол улсын гадаад харилцааг нэг цонхоор авч үзэн, эмх цэгц, эрэмбэ дараатай болгон ажиллаж чадсан байдаг. 2022 оныг бүхэлд нь Монгол улсын гадаад харилцаанд ахиц гарсан жил, Монгол улсын гадаад нэр хүнд шинэ түвшинд хүрсэн он байсан гэж тодорхойлж болно.
МОНГОЛ УЛС ЭНХ ТАЙВНЫ БИЛЭГ ТЭМДЭГ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цөлжилттэй тэмцэх үйлсэд улсынхаа бодит оролцоог оруулж “Тэр бум мод” тарьж ургуулах зорилт тавьж, улс орнуудад ногоон хөгжилд хамтрах саналаа илэрхийлэн, дайн тулаан, үл ойлголцолтой дэлхийн өнөөгийн байдлыг шүүмжлэлтэй хандаж, эртний түүхт Их Монгол улсын амар амгаланд эргэн сануулсан уриалгаар НҮБ-д ойрын жилүүдэд эзэнгүйдсэн суудлыг амь оруулсан төдийгүй Монгол улсыг олон улсын анхаарлын төвд дахин оруулсан.
Үүний үр дүнд НҮБ-ын ЕНБ-ийн дарга Антониу Гутерриш Монгол улсад айлчлахдаа “Монгол бол Энхтайван, амар амгалангийн бэлэг тэмдэг болсон улс” хэмээн онцлон тэмдэглэж байв. Өнгөрөгч онд НҮБ-тай хамтарч Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын их хурлыг амжилттай зохион байгуулж, хуучин нисэх буудлыг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ашиглах, 2026 онд дэлхийн уур амьсгал цөлжилттэй тэмцэх хурлыг Монгол Улсад зохион байгуулах, цөлжилтийн эсрэг Тэрбум мод, Хүнсний аюулгүй байдал, Эрүүл хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтрах зэрэг гол ажлуудаа тодорхой тохирсон.
АЙЛЧИД ЦУВАРСАН АЗИЙН МОНГОЛ
Өнгөрөгч онд Монгол улсад дэлхийн нөлөө бүхий улс орнууд болох Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау, Энэтхэгийн Хууль зүйн сайд Кирен Рижижутэй, Канад улсын Гадаад хэргийн яамны Хойд Азийн орнууд хариуцсан газрын захирал Уэлдон Эпп, Шведийн хаант улсын парламентын тэргүүн дэд дарга Оса Линдестам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрх дорнодын асуудал хариуцсан төрийн сайд Аманда Миллинг, ХБНГУ-ын Холбооны зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Дэбора Комини, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей нарын Монгол Улсад хоёр хөршөөс гадна гуравдагч хөрш орнуудын өндөр дээд албан тушаалтнуудын айлчлал амжилттай болж өнгөрсөн.
Монгол Улс нь жилд дунджаар 2-3 томоохон айлчлал хэрэгжүүлдэг байсан бол 2022 онд өндөр, дээд түвшинд 10 гаруй айлчлалыг хүлээн авч гадаад харилцаагаа тэлсэн. Харилцан ашигтай хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг баталгаажуулсан байдаг.
МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН АМАРГҮЙ ШАЛГУУРЫГ УЛС ТӨР, ЗАСАГЛАЛЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛААР ДАВЖ БАЙНА
Дайн тулаан, өвчин тахал, дэлхий нийтийн эдийн засгийн уналт,улс орнуудын тогтворгүй байдал, жагсаал тэмцэл хөдөлгөөн хаа сайгүй өрнөсөн маш эмзэг нөхцөл байдлыг Монгол улс нь дотооддоо улс төрийн болон засаглалын тогтвортой байдлыг ханган, гадаад ертөнцөд олон тулгуурт гадаад харилцаагаа тэнцвэртэй явуулж чадсаны үр дүнд давж гарлаа гэж дүгнэх нь хамгийн товч ач холбогдол болно.
Хандив тусламж царайчлах биш хамтын ажиллагаа, хамтарсан төсөл хөтөлбөр, харилцан ашигтай эдийн засгийн олон салбарын үйл ажиллагааг Монгол улсын зүгт татсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хосолсон ажиллагаануудаас харж болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар цар тахлын дараах анхны айлчлалыг хоёр хөрштэйгөө хийсэн. Хөрш улсууд ч дэлхийг хамарсан тахлын анхны айлчлалаар манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг өндөр дээд хэмжээнд хүлээн авсан. Монгол улсын хувьд хөршүүдтэйгээ ойрын 5-10 жил хамтран ажиллах улс төр, эдийн засгийн нэгдсэн ойлголтод хүрч, хамтран хөгжих, харилцан ажиллах замын зургаа бүрэн тохирсон.
Энэ хүрээнд хоёр хөрш орнуудтайгаа хил залгаа боомтуудын тэлэлт, хөгжил, хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, төмөр замын холболт, ЕвроАзийг холбох авто тээвэр, төмөр замын төсөл бүхий эдийн засгийн коридор байгуулах, хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх төслийг эхлүүлж, байгалийн хийн нийлүүлэгч болон хэрэглэгч талуудтай эцсийн тохиролцоонд хүрч чадлаа. Нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах гээд гурван улс хоорондын төдийгүй бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах боломж нөөцөө бүрэн тодорхойлсон.
Өнгөрсөн хугацаанд Монголчууд бид гуравдагч хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж Монгол улс нь гуравдагч хөршийнхөө талаар барьж буй бодлого, улсынхаа цаашдын зорилт зорилгоо улс орнуудад тодорхойлон ойлгуулж, тухайн улс орнуудтай улс төр эдийн засгаар хамтран ажиллах чиглэлээ тодорхой болгож байна.
Тухайлбал нүүрсний гүн боловсруулалтын технологийн салбарт хамтран ажиллаж, гингэрүүлсэн нүүрсний шинэ технологи нэвтрүүлэх, газрын ховор элемент түшиглэсэн хамтарсан үйлдвэрлэл хөгжүүлэх, боловсрол хүний хөгжил, анагаах ухаан, эрчим хүч, хүнс хөдөө аж ахуйн салбарт улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах, судалгаа шинжилгээний болон төсөл хөтөлбөрийн олон ажлуудыг Монголчууд эхлүүлж байгаа юм.
Энэ бүхнээс дүгнээд үзэхэд Монгол улсын дотоод улс төр, засаглалын нь тогтвортой. Гадаад харилцаа нь олон тулгуурт тогтвортой байдлыг хангаж чадсан, олон улсын харилцааны, ёс журам, хэм хэмжээг сахин хамгаалдаг. Олон улсын хууль тогтоомжийг хүндэтгэдэг, найрсаг тэгш харилцаат улс юм гэсэн ойлголтыг гадаад орчинд өгч чадсан хэрэг. Тийм ч учраас гадаад харилцааг Монгол төрийн алтан аргамж хэмээн эрхэмлэж ирсэн манай улсыг НҮБ-ын тэргүүн “Монгол улс энх тайван, амар амгалангийн билэг тэмдэг болсон улс” юм хэмээн дүгнэхэд хүрсэн биз ээ.
О.Түвшиндэмбэрэл