Турк, Сирид газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 3500 давжээ
АНКАРА. /BBC/. Туркт хүчтэй газар хөдөлсний улмаас 2379 хүн амиа алдаж, 14 483 хүн гэмтэж бэртээд байгаа талаар тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октай мэдээллээ.
Газар хөдлөлтийн улмаас 4747 байшин барилга нурсан бөгөөд 7840 хүнийг нурангин дороос аварсан гэж Ф.Октай мэдээлэл өгөх үеэрээ нэмж хэлжээ.
Харин Сирид байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 1444 хүн амиа алдаад байна. Ингэснээр тус хоёр улсад амиа алдсан хүмүүсийн нийт тоо 3500 даваад байгаа ч аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа тул цаашид дахин нэмэгдэж болзошгүй байна.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ амиа алдагсдын тоо найм дахин нэмэгдэж болзошгүйг анхааруулаад байна. ДЭМБ-ын Европын асуудал эрхэлсэн төлөөлөгч Кэтрин Смоллвуд уг мэдэгдлийг хийх үед 2600 хүн амиа алдаад байжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт болсон газар хөдлөлттэй холбогдуулан үндэсний хэмжээнд долоо хоногийн гашуудал зарласан байна. Мөн Туркийн төрийн далбааг орон даяар, мөн хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудад хагас бөхийлгөхөөр болжээ.
https://www.montsame.mn/mn/read/312555
URL: