ИРГЭН: “IHC” койн аваад 142 сая төгрөгөө хоёрхон сая төгрөг болгочихлоо

327362595_856968525608878_3553299266195791797_n“IHC” койн худалдан авч хохирсон иргэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Би койны хохирогч. Өөр бусад мянга, мянган хохирогчийг төлөөлөн болон өнөөдөр энд ирлээ. Би 2022 оны аравдугаар сараас IHC койн аваад 140 гаруй сая төгрөгөөр хохироод байна. Миний 140 саяар авсан койн тав хоногийн өмнө 6 сая төгрөг болтлоо унасан. Гэтэл дахиад хакердуулаад 6 сая төгрөг маань 2 сая төгрөг болчихсон.

Ер нь койн авснаас хойш өдөр болгон л унаж байсан. Гэтэл энэ койныг гаргасан хүмүүс өдөр болгон стори хийгээд унахгүй шүү гээд л сонирхол төрүүлээд, итгэл төрүүлээд байсан. Тэр болгонд нь итгээд койны ханш нь унаад байсан ч итгэсээр өнөөдрийг хүрлээ. Намайг хэн нэгэн койн ав хүчлээгүй. Гэхдээ хүмүүс бие биеэ уриалдаг.

Яагаад койн анх гарахад Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн байгууллага ард иргэддээ мэдээлэл өгч байгаагүй юм бэ.

Гэхдээ л 142 сая төгрөг миний насаараа хураасан мөнгө, гэтэл өнөөдөр би тэр мөнгөө хоёрхон сая төгрөг болгочихоод байж байна. Хашаа байшингаа зарсан, цалингийн зээл авсан. Надаас өөр хохирсон ах дүү, хамаатан садан, ажлын газрынхан гээд маш олон хүмүүс байгаа. Гурван хүнтэй уулзахад хоёр нь койн аваад мөнгөө алдчихсан байна шүү дээ. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж өгөөч гэж хүсье.

Бүх мөнгөө оруулаад авсан нь миний буруу. Гэхдээ койн унахгүй гэж хүмүүсийн сонирхлыг төрүүлээд байгаа нь хүмүүс мөнгөө алдахад хүргэж байна. Дэлхийн зах зээлд койн өсөөд унаад байдаг. Гэтэл манайд койн авснаас хойш өдөр бүр унаж байна.” гэлээ.


URL: