УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх Ж.Мөнхбатын хүсэлт бүрэн эхээрээ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНАА
Монгол Улсын Их Хурлын гишүүн Жамьян овогтой Мөнхбат миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн /10.1.2. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно/ дараах хувийн хүндэтгэх шалтгааны улмаас Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна.
Үүнд:
Нэг: Настай ээжийн маань эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна.
Хоёр: Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа.
Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно.
Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс суртахуунтай байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ би дэмжиж байна. Надад итгэлээ өгч дэмжин, хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон Архангайчууддаа болон төрийн сайд, төрийн түшээгээр ажиллах хугацаанд зөвийг маань дэмжиж бурууг маань шүүмжлэн сургамжилж байсан монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ баярлан талархаж байгаагаа илэрхийлж, мэхийн ёслоё. Миний энэхүү хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Хүсэлт гаргасан: Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат
URL: