Тэтгэврийн мөнгө тавгийн идээний үнэ хүрэхгүй байна
Цагаан сар бол өвлийг өнөтэй давж, хавартай золгосны баяр. Мөн үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлэх гээд олон ёс заншлыг хадгалсан баяр юм. Тэгвэл сар шинийн баяр болоход 20 гаруйхан хоног үлджээ. Мэдээж хүн бүрт сайхан дээл аваад өмсөх юмсан. Хүмүүсийн гарыг цайлгах аятайхан бэлэг өгөх, сайхан тавгийн идээ, ууц, өвчүү тавих юмсан гэсэн хүсэл бий. Гэвч өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Үүнээс үүдэж иргэдийн амьжиргааны түвшин буурч, эдийн засаг нь хямраад буй. Тэгвэл “Зууны мэдээ” сонин цагаан сарын тавгийн идээ, дээл ямар үнэтэй байгаа талаар “Шинэ зуун айл” худалдааны төв болон Нарантуул захаас сурвалжиллаа.
Манай улс үйлдвэрлэгч улс биш учраас сар шинийн баяраар 1.3 тэрбум төгрөг гадагшаа урсдаг гэх тооцоолол гарсан байдаг. Тэгвэл Covid-19 цар тахал гарч хил хаагдсаны улмаас хүмүүс Хятад болон ОХУ-ыг зорих болсон. Мөн иргэдийн хувьд сар шинийн баяраар гадагш урсах мөнгийг дотооддоо үлдээе. Бэлэн мөнгө бэлэглэе, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаж авья гэж бие биеэ цахим хуудсаар дамжуулан уриалсаар байгаа.
Тавгийн идээ худалдаж авахаар сонирхож буй Д.Туул “Би 630 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Маргааш тэтгэвэр буух учраас өнөөдөр тавгийн идээний үнэ ямар байгаа талаар сонирхож явна. Уг нь ааруулан тавгийн идээ авбал дараа нь идэхэд сайхан. Даанч тэтгэвэр маань ганц тавгийн идээ аваад л дуусах гээд байгаа учраас хэвийн боов авья гэж бодож байна” гэсэн юм.
Худалдаа эрхлэгч М.Энх-Уран “Нарантуул зах дээр дээл худалдаалаад 10 жил болж байна. Урьд жилүүдэд цагаан сарын үеэр дээл сайн борлуулагддаг байсан бол энэ жил иргэдийн худалдан авалт маш муу байна. Өдөржин зогсож гурван дээл зарвал их юм болоод байна. Манайд эрэгтэй хүний дээл 200-550 мянган төгрөг, эмэгтэй дээл 180-400 мянган төгрөг, хүүхдийн дээл 120 мянган төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байна. Мэдээж материалаасаа хамаараад өөр өөр үнэтэй байгаа” гэв.
URL: