Бразилд хөлбөмбөгийн багийг тээвэрлэж явсан автобус гүүрнээс унажээ
Бразилд хөлбөмбөгийн багийг тээвэрлэж явсан автобус гүүрнээс унаж, дөрвөн хүн амиа алджээ. Энэ талаар орон нутгийн цагдаагийн газраас авсан мэдээлэлтэйгээр CNN мэдээлсэн байна.
Тодруулбал, Бразилийн зүүн хойд хэсэг болон өмнөд нутгийг холбодог BR-116 зам дээр, Ален-Параиба хотын орчимд автобус зорчиж байхдаа 10 метр өндөртэй гүүрнээс унажээ. Автобусанд Рио-де-Жанейро хотын Esporte Clube Vila Maria Helena клубийн өсвөрийн багийн 28 тоглогч, дөрвөн дасгалжуулагч, жолооч явж байсан аж. Ослын улмаас 14-17 насны гурван хүүхэд, нэг том хүн амиа алдсан бол 28 хүн төрөл бүрийн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ.
Хөлбөмбөгчид сонирхогчдын тэмцээнд оролцож, 18 хүртэлх насны ангилалд ялж, 16 хүртэлх насны ангилалд шувтаргад шалгараад буцаж явсан гэж клубийн удирдлагууд мэдэгдсэн байна. Бразилийн замын цагдаагийн газрын мэдээлснээр жолооч жолоодлогоо алдсаны улмаас энэ осол болсон аж. Гэхдээ жолооч одоогоор хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хэвтэж байгаа тул мэдүүлэг өгөөгүй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Shuud.mn
URL: