Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг АТГ-аас шалгаж эхэллээ

26b64f8c555d8d1667d11f4ccdcc0babУлсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газарт ирсэн иргэний өргөдөл, гомдлын дагуу Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг шалгаж, байцаалт, мэдүүлэг авах гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр “Ерөнхий шүүгч Д.Ганзориг нөлөөнд автаж, Сангийн сайд асан С.Баярцогтын хэргийг прокурорт буцааж, хэргийг нь хаахад нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага байгаа юм байна лээ. Ийм утга бүхий гомдол, өргөдөл хэд хэдэн иргэнээс АТГ-т ирсэн учир шалгаж байгаа гэсэн үг. Мөн иргэд өргөдөл, гомдолдоо хэд хэдэн ноцтой баримт, Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хууль бус шийдвэрийг зүйл ангиар ялгаж, тодорхой тайлбарласан гэсэн. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох биз. Ямартай ч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг шалгаж эхэлсэн нь үнэн. Ерөнхий шүүгч нь нөлөөнд автсан байж болзошгүй ноцтой асуудлын зангилаа удахгүй тайлагдах биз” гэлээ.

С.БАЯРЦОГТЫН 10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН ХЭРЭГ

Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюу толгойн гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний ашиг олж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэж байлаа.

          С.Баярцогтод холбогдох хэргийг Анхан шатны шүүх хэлэлцэж С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус ногдуулдсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ.

       Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогтод холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн байдаг. Хяналтын шатны шүүхээс С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3  дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг  гурван жилийн хугацаагаар хасаж, 4.8 сар хорих ял оноохоор тогтоосон юм. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэж байлаа.

          Өөрөөр хэлбэл, С.Баярцогт нарын хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж, гэм буруутайд тооцож, хорих ял оноосон гэсэн үг. Хачирхалтай нь, Улсын Дээд шүүхийн хоёр шүүгч тусгай санал гаргаж, С.Баярцогтод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Нийслэлийн прокурорын байгууллагаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар гэм буруу тогтоогдоогүй тул С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Уг шийдвэрт УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байгаа аж. 

ЭХ СУРВАЛЖ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ, САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТЫН ХЭРГИЙГ ЦАГААТГАСАН ГЭЖ ХАРДАЖ БАЙНА

         Ерөнхий шүүгч нөлөөнд автаж, С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болоход нөлөөлсөн, хэрэгсэхгүы болгосон нь байж болзошгүй гэж хардах хэд хэдэн үндэслэл, гомдол гаргах иргэн нэгээр дуусахгүй бололтой. АТГ-т Ерөнхий шүүгчтэй холбоотой өргөдөл, гомдол нэг бус удаа ирсэн учраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр “Ерөнхий шүүгч Д.Ганзориг хууль зөрчиж, хүчингүйд тооцсон хуулийн заалтаар гомдол хүлээн авахгүй эрхгүй болсон хэрнээ С.Баярцогтын өмгөөлөгчөөс ирсэн гомдлыг хүлээн авч, хууль бус хуралдааныг зохион байгуулсан гэж хардаж байна. Таван хүндл холбогдох хэргээс зөвхөн С.Баярцогтод холбогдох хэсгийг сугалан авч, тусад нь хянан хэлэлцэж, хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь бүүр ч ээдрээтэй. Иймд Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, С.Баярцогтод давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна лээ” гэв.

Д.ГАНЗОРИГ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ

         Бид Ерөнхий шүүгч Д.Ганзоригтой холбогдож, шалгагдаж байгаа талаар нь тодруулах гэсэн боловч өрөөнийхөө утсыг авсангүй. Харин гар утасны дугаар руу нь хэдэнтээ залгахад тайлбар хэлж, мэдээлэл өгсөнгүй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ ГЭЖ ХЭН БЭ

          Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр 77 дугаар зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томилсон байдаг. Д.Ганзориг 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Өвөрхангай аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургууль,1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн, 2017 онд  хууль зүйн ухааны магистр хамгаалсан.

1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгч

2013 оны дөрөвдүгээр сараас Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

2020 оны  тавдугаар сард Монголын Шүүгчдийн холбооны тэргүүнээр сонгогдсон.

https://ergelt.mn/news/22/single/29951


URL: