Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай агуулга огт байхгүй
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны үйл ажиллагаа маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан тус санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр (2023.01.25) хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, орлогч дарга, доктор Б.Отгонтөгс, гишүүн, доктор О.Мөнхсайхан, Үндэсний Статистикийн газрын Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд нар оролцлоо.
Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар хэвлэлийн бага хурлын эхэнд хийсэн мэдээлэлдээ, “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн дагуу хоёр үе шаттай явагдах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шат энэ сарын 30-ны дотор явагдаж дуусах бөгөөд зөвлөлдөх уулзалтын хэлбэрээр явагдах хоёр дахь үе шатны санал асуулга хоёрдугаар сарын 14-15-нд болно гэлээ. Тэрбээр, зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг боловсруулах чиг үүрэг хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөлд байгааг дурдаад, тус Зөвлөл Улсын Их Хурлын 80 дугаар тогтоолын дагуу нэгдүгээр сарын 04, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” сэдэвт үндэсний чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан болон олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын төлөөллүүдээс ирүүлсэн нийт 1100 орчим саналыг харгалзан үзэж, нэгтгэн нягталж, олон удаа тал бүрээс нь хэлэлцсэний эцэст үндсэн 22 асуултыг боловсруулж Үндэсний статистикийн хороонд хүргүүлээд байгааг мэдээлэв.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Монгол Улсын Үндсэн хуулийг шинээр батлах, эс бөгөөс дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Зөвлөлдөх санал асуулгын асуултанд хэрхэн туссаныг сонирхож байлаа.
Үүнд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар, эрдэм шинжилгээний хурал болон үндэсний чуулга уулзалтын хүрээнд Үндсэн хуультай холбоотой асуудал гурван янзаар буюу 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг гүйцэт хэрэгжүүлэх, тодорхой нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд дахин оруулах, шинэ Үндсэн хууль батлах гэсэн хувилбаруудаар хөндөгдсөн байсан тул бид хэлэлцэж, асуудлын томъёоллыг олон талаар ярилцсаны эцэст “шинэчлэн найруулах” гэсэн агуулга бүхий нэг л асуулт орж байгаа гэсэн юм. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, доктор О.Мөнхсайхан, асуултуудын боловсруулахдаа бид Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль, холбгдох бусад хуулийн зохицуулалтын хүрээнд ажилласан хэмээгээд Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай асуудал огт байхгүйг онцлон дурдлаа.
Мөн сэтгүүлчид статистикийн мэдээлэл цуглуулах судалгааны санамсаргүй түүврийн аргачлал, эхний шатны санал асуулгад оролцуулах иргэдийн тоог 1570-аар тогтоосны шинжлэх ухааны үндэслэлийг сонирхож байв. Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар энэ талаарх мэдээлэлдээ, орчин үеийн статистик судалгаанд өргөн ашиглагдаж буй санамсаргүй түүврийн аргачлалыг Зөвлөлдөх санал асуулгад хэрэглэхээр Статистикийн Үндэсний хороо баталсан бөгөөд энэ аргачлалыг ашиглаж засаг захиргааны нэгжид суурилсан бүлэглэх аргаар сонгох 1570 хүн Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны нийт хүн ам, мөн хүн амын бүхий л бүлгийг төлөөлөх боломжтойг тайлбарлав
URL: