Мэрилин Монрогийн тухай кино “Алтан бөөрөлзгөнө” шагналын хамгийн олон төрөлд нэр дэвшжээ
Дэлхийн кино урлагийн хамгийн таагүй шагнал болох “Алтан бөөрөлзгөнө”-д Мэрилин Монрогийн амьдралын түүхийг өгүүлсэн “Blonde” кино хамгийн олон төрөлд нэр дэвшжээ. Тус шагналын есөн төрөлд нэр дэвшигчдийг шагналын цахим хуудсанд даваа гарагт нийтэлсэн байна.
“Хамгийн муу кино”, “Хамгийн муу кино зохиол, “Хамгийн муу ре-мейк” зэрэг нийт найман төрөлд Эндрю Доминикийн бүтээсэн энэхүү намтарчилсан уянгын кино нэр дэвшжээ. Эндрю Доминик өөрөө “Хамгийн муу найруулагч” шагналыг горилж байгаа аж.
“Blonde” кино үзэгчдээс бүр ч тааруу үнэлгээ авсныг зохион байгуулагчид онцолжээ. Мэрилин Монрогийн дүрийг насан эцэс болсных нь дараа ч “ашиглаж мөнгө хийсээр” байна гэж үзэгчид дүгнэсэн аж.
“Хамгийн муу кино” шагналд уг киноноос гадна, Америкийн рэп дуучид болох Машин Ган Келли (жинхэнэ нэр нь Колсон Бэйкер), Мод Сан (Дерек Смит) нарын “Good Mourning, 2022” найруулагч Шон МакНамарын “The King’s Daughter, 2021”; Даниэль Эспиносын “Morbius, 2022”; Роберт Земекисын “Pinocchio, 2022” кинонууд нэр дэвшжээ.
“Алтан бөөрөлзгөнө” наадмыг 1980 оноос хойш зохион байгуулаж байгаа бөгөөд ижил нэртэй сангийн 700 орчим гишүүн /АНУ болон бусад 19 улсын төлөөлөгчид багтдаг/ шагналд нэр дэвшигчдийг сонгодог аж. Уг шагналд нэр дэвшигчдийг тухайн жилийн АНУ, Канадын дэлгэцийн бүтээлээс сонгодог бөгөөд онцлох хамгийн “муу” киног энэ жил 43 удаагаа шалгаруулна.
Кино урлагийн салбарын хамгийн нэр хүнд бүхий Оскарын шагнал гардуулах ёслолын өмнө “Алтан бөөрөлзгөнө”-ийн “ялагчдыг” тодруулдаг уламжлалтай.
Ташрамд дурдахад энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 12-нд болно.
URL: