Өрх толгойлсон ээж: Би чинээлэг 9%-д орсондоо итгэхгүй байна

Хүүхдийн мөнгийг олгохдоо иргэдийн орлогыг буруу тооцсон талаар ээжүүдийн төлөөлөл өнөөдөр /2023.01.23/ мэдээлэл хийж, Үндэсний статистикийн хороо (ҮСХ), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-нд шаардлага хүргүүллээ.


Ээжүүдийн төлөөлөл “Өрхийн зөвхөн орлогыг нь тооцно гэдэг амьдралд нийцэхгүй, бодит бус санагдаж байна. Хувь иргэн, өрхийн зарлагыг тооцож чадахгүй байгаа бол Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг тусгаж өгөөч ээ. Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон 10 гаруй байгууллагын ажлын хэсэг хагас жилийн хугацаанд үүнийг судалсан гэсэн. Ардын хүүхдүүд бидний төлсөн татвараар хагас жилийн хугацаанд хийсэн ажилдаа хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Үүнийг би Шилэн данснаас хайгаад олоогүй.

Яагаад та нарын хариуцлагагүй байдлаас болж иргэд бид ажлын нэг өдрөө алдаж, мэдээллээ засуулах гэж явах ёстой юм бэ.

Ажил хийж, цэвэр хөдөлмөрийн хөлсний орлогоосоо чин үнэнчээр татвараа төлж байгаа өрхүүдээс 91 хувьд нь ороогүй байна. Гэтэл хувийн бизнестэй, даатгал бага төлдөг хэсэг нь 91 хувьд орчихсон байна. Тэгэхээр зөвхөн нийгмийн даатгалд суурилсан орлогын мэдээллээс болж бид хасагдсан байна гэж үзэж байна.

Би өрх толгойлсон эмэгтэй. Манайхыг 30-40 сая төгрөгийн өрхийн орлоготой гэж тооцоолсон. Энэ бол худлаа мэдээлэл, том алдаа. Даатгуулагчийн цалингийн бохир дүнгээр тооцсон байна.

Бид НДШ, ХАОАТ, ЭМД, зам ашигласныхаа татварыг хүртэл төлдөг. Яагаад гар дээр ирдэг цэвэр дүнгээр тооцохгүй байгаа юм бэ” гэж байр сууриа илэрхийлэв.

Өрх толгойлсон ээж “Би хоёр хүүхэдтэй эх хүн. Хорооныхоо халамжийн ажилтан дээр очлоо. Гэтэл манай хорооныхон “Хоёр хүүхэдтэй хүн өрх толгойлсон ээжид ордоггүй юм, та хуулиа унш” гэсэн.

Хуулинд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол өрх толгойлсон ээжид ордог гэнэ.

“Танай том хүүхэд 20 хүрчихсэн болохоор бага хүүхдэд чинь таны авдаг Сувилагчийн цалин хүрэлцэнэ. Тэгж тооцоод, ингэж гарч байгаа юм аа” гэж хорооны ажилчид тайлбарлаж байна.

Миний мэдээллийн санд зөрүү байхгүй. Орлогыг маань 10-20 сая гэж үзсэн байна лээ. Миний цалин тэгж таарч байгаа. Би нэг үл хөдлөхтэй, нэг автомашинтай. Мэдээллийн сан зөрүүгүй болохоор өөр хандах газаргүй болж байна. Нэг хүүхэд оюутан, нэг хүүхэд ЕБС-ийн сурагч. Гэтэл намайг бас “Тэжээгчээ алдсан мөнгөө авдаг биз дээ” гэж тавлаж байна лээ. Тэжээгчээ алдсаны мөнгө Хүүхдийн мөнгөтэй ямар хамааралтай юм бэ гэдгийг асуумаар байна.

Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь өгч байгаа гэхээр би өрх толгойлсон эмэгтэй юм чинь миний хүүхдүүд багтана л гэж бодож байсан. Би тэр чинээлэг 9 хувьд нь орсондоо үнэхээр итгэхгүй байна” гэлээ.


URL: