Боомтын сайд аа, Замын-Үүдэд хүний амь нас эрстэх вий

olloo_mn_1674095980_zХил нээснээс эхлээд л хэл ам таталж байгаа нөхдийг Замын-Үүдэд байгаа жолооч нар гэж бултаараа ойлгож байгаа. Гэтэл үнэндээ Замын-Үүд суманд байх Боомтын захиргаа, Сумын онцгой комисс, Авто тээврийн үндэсний төв, Хилийн цэрэг, Засаг даргын тамгын газар гэсэн албан байгууллагуудын гаргаж буй шийдвэр бантан хутгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байгааг эх сурвалжууд хэлж байна.

Тэдний мэдээлснээр “Эхнээсээ эмх замбараатай явж байсан. Гэтэл Хятад талаас өдөртөө 150 машин оруулна гэсэн учраас дугаарлаж буй 5-6 мянган машины жолооч нарт ямар байх нь ойлгомжтой юм. Тийм байтал Замын-Үүдийн дарга нар “Засмал дээр дугаарлаж байгаа машинаас 75, шороон дээр зогсож байгаа машинаас 75-ыг гаргана гэсэн нь зодоон үүсгэх дөхжээ.

Дээрээс нь Замын-Үүд сумын дарга нар, цагдаагийн албан тушаалтнууд өөрсдийнхөө машиныг гаргаж байгаа учраас тэнд ёстой л холион бантан, хэүүл уруул тасрахгүй болж. Урдуур хойгуураа албан тушаалтнуудын машинуудыг оруулчихгүйн тулд шахаж зогссон учраас авто замын нэг урсгалыг хаасан аж. Энэ байдлаас үүдэн осол аваар удаа дараа гарч олон хүн бэртэж гэмтсэн ч азаар хүний амь нас эрстээгүй байна.

Гэхдээ хүний амь нас эрстэхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг эх сурвалж хэлж байлаа. Тодруулбал энэ эмх замбараагүй байдлыг дээр дурдсан байгууллагуудын дарга нар гаргаж байгаа. Тэд өглөө 08:00 цагт гаргасан шийдвэрээ 11:00 цагт өөрчилж энд тэнд очиж зогс, эндээс тэд, тэндээс тэдэн машин авна гэх зэргээр чулуу хөөлгөж эхэлсэн байна.

Товчхондоо бол төрийн байгууллагууд шийдвэртэйгээ уялдуулж ажиллахгүй байгаа учраас эмх замбараагүй асуудал улам гаарч хүний амь нас ч эрсгэж мэдэхээр байгааг Боомт хариуцсан сайд Х.Булгантуяад уламжилж байв.

Өнгөрөгч 17-ны 22:20 цагийн үед 5 машин мөргөлдсөн осол гарч олон хүн хүнд хөнгөн гэмтсэн ч азаар хүний амь хохироогүй. Гэхдээ асуудлыг хяналтдаа авахгүй бол амины гарз гарч мэдэх нь байна шүү, Боомтын сайд аа.

ErenNews.mn
С.Цээл


URL: