Хятад-Австралийн “худалдааны дайн” дууссан нь нүүрсний үнэд нөлөөлөх магадлал
Хятад улс Австралиас нүүрс худалдан авахаа аажмаар сэргээхийн сацуу дотоодын уурхайнууд нь олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Хөгжил шинэчлэлийн үндэсний комиссын шийдвэрийн дагуу нийтийн аж ахуйн үйлчилгээний 3 компани, ган хайлуулах нэг үйлдвэрт Австралиас нүүрс худалдан авах зөвшөөрлийг олгосон нь Хятад улс хилээ нээсэнтэй давхацлаа.
Хятадын “Глобал таймс” сонинд бичсэнээр, нүүрс нийлүүлэлтийн эх үүсвэрүүдээ төрөлжүүлэн олшруулах, импортын үнийг тогтворжуулах зорилгоор Хятадын гангийн үйлдвэрүүд Австралийн сайн чанарын нүүрсийг худалдан авах сонирхолтой байна. Австралийн нүүрсийг ачсан эхний хөлөг онгоцууд 2 дугаар сарын сүүлчээр Хятадын зүүн өмнөд эрэгт ирэх бололтой.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Индонезийн Бали аралд болсон “G20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид уулзсаны дараахан Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг Хятадад айлчилснаар хоёр талын харилцаа эргээд хэвийн байдалд орлоо. Ер нь бол, өнгөрсөн оны зун Австралийн Лейборист нам сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаагаа парламентын сонгуульд ялж, Энтони Альбаниз Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Австрали-Хятадын харилцаа дулаарах шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн юм. Коронавирусний халдварын голомтыг нууцалж байна хэмээн Австралийн эрх баригчид Бээжинг буруутгасны хариуд 2020 оны сүүлчээр Хятадын тал Австралийн нүүрснээс гадна арвай, дарс, сахар зэрэг 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзсанаар, хоёр орны хооронд албан ёсны бус “худалдааны дайн” эхэлсэн билээ.
Ингээд, тухайн үед цар тахлыг тогтоон барихын тулд “Тэг ковид” бодлогыг хэрэгжүүлж байсан Хятад улс Австралийн нүүрсийг Монгол, Индонез, Оросын нүүрсээр орлуулах арга замыг хайж эхлэв. 2022 оны эхний 11 сарын дүн мэдээллээр, Хятад улс импортолсон нүүрснийхээ 58,3 хувийг Индонезээс, 23,3 хувийг Оросоос, 10 хувийг Монголоос тус тус худалдан авсан байна. Гэсэн хэдий ч коронавирусний халдварын улмаас дотоодын олборлолт буурсан, тээвэр логистикийн хүндрэл үүссэн зэргээс шалтгаалан 2021 онд Хятадын олон мужид эрчим хүчний хязгаарлалт хийхэд хүрч байв.
Тухайлбал, Транссибирийн төмөр зам ба Байгал-Амарын төмөр замын ачааллаас шалтгаалан Оросын нүүрсний нийлүүлэлт хангалттай хэмжээнд хүрсэнгүй. Үүний улмаас Өмнөд Солонгос, Японы хэрэглэгчид Оросын нүүрс олборлогч компаниудтай байгуулсан гэрээгээ цуцлаад эхэлжээ.
Нэгэнт Индонез, Орос, Монгол гурвын нийлүүлж буй нүүрсний хэмжээ нийлүүлэлтийн цоорхойг нөхөж чадахгүй байгаа төдийгүй чанарын хувьд Австралийн нүүрсийг гүйцэхгүй тул 2 жилийн дараа Хятадын тал Австралиас нүүрс худалдан авахаар шийдвэрлэлээ. Ташрамд дурдахад, Индонез улс жилдээ 600 сая гаруй тонн нүүрс олборлодог боловч ихэнх нь эрчим хүчний нүүрс тул коксжих нүүрсний салбарт Орос ба Монголын өрсөлдөгч биш юм. Коронавирусний асуудлаар хоёр улсын хооронд дипломат зөрчилдөөн үүсэхээс өмнө Хятад улс Австралиас жилд 30 сая тонн коксжих нүүрс, 50 сая орчим тонн эрчим хүчний нүүрс худалдан авч байжээ. Хятад улс бол дэлхий дээрх нүүрсний хамгийн том хэрэглэгч төдийгүй олборлогч бөгөөд хэрэгцээт цахилгаан эрчим хүчний 60 орчим хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд үйлдвэрлэдэг.
Энэ 2023 онд Хятадын нүүрсний олборлолт 4 тэрбум 450 сая тонн болж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна. Эдгээр тоог харахад, Хятад улс асар их нүүрс олборлодог атлаа яагаад ганцхан нийлүүлэгчээс хамааралтай болчихов оо гэх асуулт урган гарна. Олборлолтоо 10-хан хувь нэмэгдүүлэхэд л импортоос огт хамаарахгүй байх бүрэн боломжтой атал Австрали, Индонез, Орос, Монголоос нүүрс авсаар байдгийн учир юу вэ гэх асуулт урган гарна.
Юуны түрүүнд Австралийн нүүрс бол дэлхий дээрх хамгийн сайн чанарын нүүрс юм. Нөгөө талаас, Австралиас Хятадын зүүн өмнөд эрэг хүртэлх далайн зам бол хамгийн богино зам. Гэтэл Хятадын хойд нутагт олборлосон нүүрсийг өмнөд рүү тээвэрлэхэд бэрхшээлтэй, өртөг өндөртэй байдаг аж. Гуравдугаарт, дэлхий дээр нүүрс нийлүүлэгчид хангалттай олон болсон тул тэдгээрээс сонголт хийж, боломжийн үнээр нүүрс авч байх нь ашигтай. Нүүрсний салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс Австралийн нүүрсийг дахин худалдан авч эхэлсэн нь гангийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг коксжих нүүрсний зах зээлд илүүтэй нөлөөлөх ажээ. Ерөнхийдөө дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувь нь Хятад улсад явагдаж байна. Австралийн нүүрсний импортонд тавьсан хоригоо Хятадын тал сулруулах нь нэгэнт тодорхой болсны дараа дэгдэмхий бодисын агууламж багатай сайн чанарын коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 2023 оны эхний долоо хоногт нэг тонн нь 300 доллароос /Австрали ФОБ нөхцлөөр/ давж өссөн байна. Харин ойрын өдрүүдэд Австралид цаг агаарын Ла-Нина гэдэг үзэгдэл болж, үерийн аюул нүүрлэж болзошгүй байгааг анхааруулж, зарим мужуудад онц байдал зарлаж магадгүй байна. Байгалийн болзошгүй гамшиг нүүрсний нийлүүлтэнд нөлөөлсөн тохиолдолд энэ оны эхний улирлын туршид коксжих нүүрсний үнэ өндөр хэвээр байх төлөвтэй.
Үүний сацуу Хятадад коксжих нүүрсний үнэ өсөж, доллартой харьцах юаны ханш чангарч байна. Ийм нөхцөлд эцсийн хэрэглэгчид болон трейдерүүдийн хувьд импортын нүүрс худалдан авах нь ашигтай бөгөөд Австралийн нүүрсэнд тавьсан хориг аажмаар суларч байгаа нь коксжих нүүрсний ханшийг харьцангуй өндөр хэмжээнд барьсаар байх болно гэж шинжээчид үзэж байна.
Харин Хятадын эрчим хүчний нүүрс хэрэглэгч компаниуд дунд зэргийн чанартай, илчлэг багатай нүүрсийг сонирхдог тул Орос, Монгол, Индонезийн нүүрсийг Австралийн чанартай, өндөр үнэтэй нүүрсээр орлуулах магадлал бага. Тэгээд ч эрчим хүчний нүүрсний үнэ дэлхийн зах зээлд буурсаар байна. Энэ нь ковидын халдварын тархалт нэмэгдсэний улмаас Хятадын үйлдвэрлэлийн салбарын идэвхжил суларна гэсэн таамаглал, мөн Европт дулаахан өвөл болж байгаагаас үүдэн нүүрсний нөөц хангалттай байгаа, хийн үнэ буурснаас үүдэн нүүрсний эрэлт багассан гэх мэт шалтгаантай.
Манай улсын хувьд, нийт экспортолж буй нүүрсний 75 хувийг эрчим хүчний нүүрс эзэлдэг тул Хятадын зах зээл дэх орон зайгаа алдахгүй, нөгөө талаас үлдсэн 25 хувийг эзлэх коксжих нүүрсний үнэ өндөр хэвээр байх тул нүүрснээс олох орлогын хэмжээ тогтвортой байх дүр зураг харагдаж байна.
Нөгөөтэйгүүр, Австралиас нүүрс аваагүй хоёр жилийн хугацаанд Хятадын гангийн үйлдвэрүүд Орос, Хятад, Монголын коксжих нүүрсийг ашиглахад зохицуулан домен зуухны технологио өөрчилсөн байж магадгүй тул Орос, Монголоос авах коксжих нүүрснийхээ хэмжээг бууруулахгүй болов уу. Өөрөөр хэлбэл, Хятад-Австралийн “худалдааны дайн” дууссан ч гэлээ манай нүүрсний салбарт үзүүлэх нөлөөлөл нь бага байх болно.
Б.Адъяахүү
https://www.sonin.mn/news/culture/135370
URL: