НҮБ: Дайн эхэлснээс хойш Украины 7000 гаруй иргэн амиа үрэгдлээ
НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газраас өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхэлсэн ОХУ, Украины дайнд 7000 гаруй иргэн амиа алдсан талаар мэдээллээ. Тус алба мэдэгдэлдээ “Ширүүн тулаан болж байгаа бүс нутагт нэвтрэх боломжгүй байгаа учир тухайн газар амиа алдсан иргэдийн тоог гаргаж чадахгүй байгаа. Украины 7000 гаруй иргэн амиа алдсан нь албан бус мэдээлэл бөгөөд тайланд батлагдаагүй олон энгийн иргэн амь үрэгдсэн” гэсэн юм.
НАТО-гоос Украиныг цэрэг, зэвсгийг хүчээр дэмжих уриалга гаргасны дагуу Их Британиас Украинд “Challenger-2” танк, “Apache” дайралтын нисдэг тэрэг болон өөрөө явагч их буу нийлүүлэхээ мэдэгдсэн. Энэ тухай Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес “Манай орноос Украинд үзүүлж байгаа дэмжлэг дайны амжилтыг хурдасгах байлдааны чухал хүч болно” гэсэн бол НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Украинд барууны орнуудаас илүү хүчирхэг зэвсэг нийлүүлнэ гэж найдаж байна” гэжээ.
Харин ОХУ, Украины албаны хүмүүс нийт 1000 орчим хүнийг багтаасан хоригдол солилцох томоохон хэлэлцээр хийж байгаа талаар Туркийн эрх баригчид мэдээлсэн. Уг хэлэлцээрийн асуудлаар ОХУ-ын Хүний эрхийн комиссар Татьяна Москалькова, Украины төлөөлөгч Дмитрий Любинец нар өнгөрсөн долоо хоногт Анкарад болсон олон улсын бага хурлын үеэр уулзаж, ярилцсан аж.
URL: