Ш.Адьшаа гишүүн ээ, албан ёсоор МАН-даа элс

null-6ad86395-b4a8-4ea3-9ec0-e07e44bba0bb

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа МАН-ын даалгавраар хуулийн төсөл өргөн барьдаг, эрх баригчдын захилгаар ажилладаг гэдгийг түүний өргөн барьсан хуулийн төслүүдээс харж болно.

Хууль санаачлах Их хурлын гишүүнийхээ бүрэн эрхийг тэрээр ард иргэдийн эрх ашгийн төлөө гэхээсээ илүү эрх баригч намын эрх ашгийн төлөө ашиглаад өнөөдрийг хүрсэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу.

Тэрээр өнгөрсөн 7 хоногт Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Тус төсөлд газрын тосны үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа газрын тосны дайвар бүтээгдэхүүнд хамаарах керосин, алкалит, хүнд фракцын дизелийн түлш, нафтад онцгой албан татвар ногдуулахгүй байх зохицуулалтыг тусгажээ. Нэг үгээр хэлбэл, Ш.Адьшаа гишүүний өргөн барьсан төслийг баталбал хуурамч шатахууны гол орц болох керосин, нафта зэрэг бодисуудыг татваргүй болгоно гэсэн үг. Хоёр жилийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар ажиллаж байхдаа хуурамч шатахуун үйлдвэрлээд байгаа учраас керосин, нафтаг гаалийн татвартай болгох хуулийн өөрчлөлтийг хийж байсан. Гэтэл Ш.Адьшаа гишүүн дахин хуурамч шатахуун хийх, зарах нөхцөлийг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн барив. Ш.Адьшаа гишүүн үүнийг эрх баригч намын захиалгаар хийж байгаа гэдгийг намын нөхөд нь ил цагаан хэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН-ынхан энэ хуулийн өөрчлөлтийг хэзээ ч өргөн барьж чадахгүй учраас манай намын гишүүнээр өргөн бариулсан” гэсэн юм. Тэрээр хэлэхдээ “Хуурамч шатахуунаар хэдхэн хүн 100 орчим тэрбум төгрөг олж, тэндээсээ МАН-ынхныг санхүүжүүлдэг. МАН-ын гишүүд энэ хуулийг хэзээ ч өргөн барьж чадахгүй, айна. Гэтэл энэ хуулийг манай намын гишүүнээр өргөн бариулж байгаа нь дэндүү харамсалтай байна. Керосиныг татваргүй болгоод шатахууны үнэ огт буурахгүй. Харин ч оруулж ирээд хуурамч шатахуун хийж, борлуулна. Ашиг нь хэдхэн хүний халаасанд ороод дуусна” гэсэн юм.

Мөн тэрээр 2021 оны арваннэгдүгээр сард Цэцэд “давхар дээл”-ийн асуудлаар гомдол гаргасан. Тодруулбал, 2019 онд баталсан ҮХНӨ-ийн “давхар дээл”-тэй холбоотой хэсэг Үндсэн хууль зөрчиж байна гэж гомдол гаргаж, энэ гомдолд Цэц маргаан үүсгэж, хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж байв. Ингээд парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхий сайдаас гадна парламентын дөрвөөс илүүгүй гишүүн парламентын гишүүн байна гэсэн заалтыг өөрчилсөн. Үүний ачаар өнөөдөр МАН-аас сонгогдсон 15 Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хийж байгаа. Гишүүдийн мөрөөдөл сайд болох. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд Засгийн газраа унагаж ирсээр манай улсын Засгийн газрын дундаж нас 1.2 жил болсон. Тиймээс Ш.Адьшаа гишүүн МАН-ынхны хүслээр “давхар дээл”-тэй болох замыг нь засч өгсөн.

Ер нь Ш.Адьшаа гишүүний улс төрийн замнал МАН-аас эхлэлтэй. Тэрээр 2012 оны Их хурлын сонгуульд МАН-аас Ховд аймагт нэр дэвших байсан ч мандат олдоогүй учраас бие даан нэр дэвшээд амжилт олоогүй. Тиймээс тэрээр сонгуулийн дараа АН-д элссэн. Гэхдээ одоо ч намын, бүлгийн гишүүд нь түүнийг АН-ын гишүүн гэж хүлээн зөвшөөрдөггүй бололтой. УИХ-ын гишүүн Д.Ганбат “Чи МАН-аас урваж орж ирчхээд АН-д заах уу. Чи надтай юм ярьж тохироо биз дээ” хэмээн чуулганы индэр дээрээс загнаж суусан юм. Өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлгүй тэрээр эрх баригчид юу гэнэ, тэр заавраар хөдөлдөг нь дээрх жишээнүүдээс харагдана.

Парламентад дийлэнх олонхийн үүрэг гүйцэтгэж байгаа эрх баригчдын бууны нохой (Бусдын даалгавараар тандах, ажиглалт хийн мэдээлэгч этгээд) болж, хуулийн төсөл өргөн барьж байхаар албан ёсоор намын гишүүнчлэлээ сэргээ Ш.Адьшаа гишүүн ээ.

https://itoim.mn/a/2023/01/16/politic/jvd


URL: