АН-ын даргад Л.Гантөмөр, С.Баярцогт, Л.Гүндалай, З.Нарантуяа нар өрсөлдөхөө илэрхийлжээ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит хурал өнөөдөр /2023.01.13/ Туушин зочид буудалд үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар таван асуудлыг хэлэлцэж байгаа юм. Гэхдээ АН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхгүй аж.
Харин АН-ын даргыг сонгох журмыг хэлэлцэж батлах талаар гишүүд нь ярьж байна.
Тэгвэл АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Л.Гүндалай, З.Нарантуяа Сангийн сайд асан С.Баярцогт нар нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр “Би АН-ын даргад нэр дэвшинэ. Ялна гэдэгтэй итгэлтэй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Би АН-ын даргад нэрээ дэвшүүлж байна. Гэхдээ энэ асуудал өнөөдөр шийдэгдэхгүй, журмаа л гаргана.АН-ыг ялалтад хүргэх хүн хэрэгтэй, ялна гэдэгтээ итгэлтэй байна” гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгөөд байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат ”Энэ нам арай ч ийм байгаагүй. Эзэнтэй, элэг бүтэн баймаар байна. Гэхдээ өнөөдөр ҮБХ-ны гишүүд цугласан. Удаан уулзаагүй сайхан байна. Нийт 300 гаруй гишүүд ирье гэж ирсэн байна. Үүнд нэг л зүйлийг хүсэж ирлээ. Бүгдээрээ эвтэй байя. АН чинь монголчуудын амьдралын баталгаа болчихоод байна. Энэ намгүйгээр монголын хөгжлийг төсөөлөхөд хэцүү болчихоод байна гэсэн хувь бодолтой л байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан ”АН-ын бүлэг манлайлж эв нэгдлийн түйчээ болох ёстой. Энэ хүрээнд намынхаа гишүүд, хуучин удирдлагуудыг бүгдийг нь урьж арга хэмжээг зохион байгуулж байна. Манай нам анхнаасаа эвдрэлцээгүй. эвдрэлцүүлсэн нь эрх баригч нам шүү дээ. Улсын Дээд шүүх дээр долоон удаа хууль бус ажиллагаа явуулж, АН эвдрэлтэй юм шиг ажлыг зохион байгуулсан. Үүнд их харамсаж байна. Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд намын даргыг сонгох асуудал байхгүй. Ямартай ч намын даргыг сонгох журмыг хэлэлцэж батална” гэлээ.
URL: