Туйлын туяаны төв цэг Орос
Хорвоо ертөнц, гараг эрхсийн тайлагдашгүй нууцын нэг нь туйлын туяа билээ. Тэгвэл манай найрсаг хөрш ОХУ-д зочлох жуулчдын тодорхой хувь нь туйлын туяаг харахаар зорьдог юм байна. Учир нь тус улсын зарим мужид энэ гайхамшигт үзэгдэл тод харагддаг ажээ.
Мурманск
Хойд туйлийн цагирагаас хойш байрлах ОХУ-ын хамгийн том хот Мурманск юм. Энэ хотын иргэд үдэш бүр туйлын туяаг хардаг азтай ажээ. Хэдийгээр хотын их гэрэлнээс шалтгаалаад туйлын туяа бүдэг харагддаг ч зорьж ирэх жуулчдын цуваа тасардаггүй гэнэ. Энд “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн “Левиафан” киноны зураг авалтыг хийсэн ажээ.
Аркангельск
Мурманск хоттой адил хойд туйлын цагирагаас хойш Аркангельск хот нь Двина голын Цагаан тэнгист цутгах зурвасхан хэсэгт байрладаг юм байна. Энэ хотод ирснээр та эгзэг нь таарвал туйлын туяаг тод харна. Гэхдээ хотоос гарах тусам энэ туяа тодордог онцлогтой гэнэ. Мөн Аркангельск хотод цөөн хэдэн уламжлалт модон байшингууд үлдсэн бөгөөд өдөр нь тэдгээр байшинд очиход туйлын туяаны цацрагийг харах боломжтой байдаг ажээ.
Якут
Цаа бугаараа алдартай Якутуудын нутагт туйлын туяаг харах хэд хэдэн тохиромжит газар бий. Хэрэв туяаг тод харахыг хүсвэл хотын зах руу очих ёстой гэнэ. Хойд Сибирийн бүгд найрамдах улс нь Орос болон дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэг тул зоригтой, адал явдал эрэлхийлсэн аялагчдад тохиромжтой юм байна. Тиймээс энэ хотод жилийн дөрвөн улиралд адал явдал хайсан аялагчдын цуваа тасардаггүй гэнэ.
Петрозаводск
Санкт-Петербургээс хойш, Финландын хилээс холгүй орших “Онега” нуур орчмын оюутны хот хэмээн алдаршсан Петрозаводск бий. Энэ хотын оршин суугчид ихээхэн зочломтгой бөгөөд танд европын хотуудын халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлнэ. Зуны улиралд энэ хот нь “Кижи” арал руу аялж буй жуулчдын дамжин өнгөрөх цэг болдог. Харин өвлийн улиралд хотоос туйлын туяаг харах боломжтой юм байна.
Таймир хойг
Таймирын хойгоос хойш өргөрөгт орших Таймир хойг нь зэрлэг цаа буга, заарын үхэр, арктикийн үнэг болон цагаан баавгайгаар дүүрэн уулархаг нутаг юм. Энэхүү хойд Сибирийн бүс нутагт зун байдаггүй. Дулаан саруудад хамгийн ихдээ ойролцоогоор +5 хэмд хүрдэг бол өвлийн сарууд -60 ° C -аас хүйтэн байдаг ажээ. Жилийн 285 хоног нь өвлийн улирал учир бүтэн жил шахуу үргэлжлэх харанхуй өдрүүд нь туйлын туяаг харахад тохиромжтой болгодог. Ялангуяа бусад нутагт туяа харагдахгүй үед Таймирын хойгоос харах боломжтой гэнэ.
Чойжилсүрэнгийн Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: