Д.Ламжав: Манай улс системийн авлига руу орсон нь ойлгомжтой. Үүнд Үндсэн хууль нөлөөлсөн

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл – нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

lamjavХэлэлцүүлгийн үеэр Үндсэн хууль судлаач Д.Ламжав “Манай улс системийн авлига руу гулсан орсон нь ойлгомжтой болсон. Ялангуяа сүүлийн үед хийсэн хурал, цуглаан үүнийг нотолж байна.

Гол буруутан нь засгийн эрхийн төлөө тэмцэж гарч ирсэн сүүлийн үеийн зоригтой залуус. Ийм байдалд хүрэхэд Үндсэн хууль нөлөөлсөн үү гэвэл би тийм гэж хэлнэ.

Өнөөдрийн хурлыг зоригтой бөгөөд задгай болно гэж төсөөлөөгүй учраас надад болгоомжлол төрж байна.

Энэ хэлэлцүүлэг өмнө болсон үл бүтэх явдлуудыг аргалж, нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хариуцлагаас хамгаалах чиглэлд явж магадгүй. Үүнээс болгоомжлох хэрэгтэй.

Хоёрын хооронд жижиг, сажиг асуудал сөхсөөр байгаад ярианаас өөр юмгүй үлдэх вий.

Ерөнхийлөгч нь өөр улсад очоод гэрээ байгуулаад ирдэг гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэлдээ дурдаж байна. Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулиар аливаа гэрээ хэлэлцээрийг УИХ-аар баталсны дараа хүчин төгөлдөр болох учиртай.
Ардын их хурлын депутат байсан хүний хувьд хэлэхэд, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хийж болох ёстой гэж үзэж байна. Ингэхдээ:

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болгох ёстой. Ингэснээр хууль өөрчлөх зам нээгдэнэ.
Хууль өөрчлөх асуудлыг УИХ манлайлах байх. Гэхдээ хууль эцэслэн батлахдаа бүх ард түмний санал асуулга явуулах нь зүйтэй.
Олигтойхон, зоригтой алхам хийгээд нэр төртэй хоцрох хэрэгтэй байна” хэмээв.


URL: