Э.Ёндон: Хууль хяналтын байгууллагынхан нөлөөнд автахгүй байж гэмээнэ хууль сайн үйлчилнэ
Нүүрсний хулгайн хэргээс улбаалан иргэд Төв талбай дээр жагсаж, Эрүүгийн хуулийн авлига, албан тушаалтай холбоотой заалтыг чангаруулах шаардлагыг тавьсан. Энэ хүрээнд УИХ-аас яаралтай горимоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Тэгвэл тус хуулийн нэмэлт, өөрчлөлт нь өмнө нь үйлдэгдсэн хэрэгт үйлчлэх эсэхийг хуульч Э.Ёндонгоос тодрууллаа.
-Иргэдийн тавьсан шаардлагын дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтийг хэр сайн хийсэн, хэр чангаруулсан гэж харж байна вэ?
-Эрүүгийн хуульд авлига албан тушаалын гэмт хэрэгт авагдах эрүүгийн хариуцлагыг чангатгасан нь нийгмийн шаардлагаар нэн даруй хийгдэх ёстой л асуудал байсан. Алдаатай оноотой ч, ямар ч байсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь сайн хэрэг. Авлига авсан нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор нотлогдсон тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эд хөрөнгийн хураах хэрэгтэй. Халдашгүй байх эрхтэй төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг албан тушаалаасаа түдгэлзэх хүртэл нь зогсоох заалт оруулсан нь, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ял завшсан олон тохиолдлыг дуусгавар болгосон нь сайшаалтай.
-Нэмэлт, өөрчлөлт хийгээд л авлига, албан тушаалтай холбоотой асуудлууд цэгцрэх үү?
-Хууль хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах чадвар, нийгмийн хангамжийг сайжруулж нөлөөлөлд автахгүй, хараат бусаар ажил хийх боломжийг нэн түрүүнд хангаж байж гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн бүх шатанд төрийн хяналт шалгалтын процессыг сайжруулах хэрэгтэй. Хөрөнгө орлогын мэдүүлгийг сайн шалгаж байх хэрэгтэй. Аливаа гэмт хэргийн санкци өндөр байлаа гээд тухайн гэмт хэргийн гаралт буурдаггүй. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй.
-Өмнө нь үйлдсэн хэргүүдэд нэмэлт өөрчлөлт үйлчлэх үү?
-Монгол Улс ардчилсан улс. Муу ч сайн ч ардчилал л биднийг өдий зэрэгтэй байлгаж байна. Өмнө нь үйлдэгдсэн авлига албан тушаалын томоохон гэмт хэргүүдийн хувьд Эрүүгийн хууль нь гэмт хэрэгтний эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул үйлчлэх боломжгүй. Харин тухайн үеийн Эрүүгийн хуулиар шийдэх нь зүйн хэрэг.
-Албан тушаалаа ашиглан 7.3 тэрбум төгрөгийг завшсан байна. Энэ мэт хэргүүдэд хууль хэр нөлөөлөх вэ, чангарсан гэх заалтууд үйлчлэх үү?
-Энэ хууль хэрэгжиж эхэлснээр урт хугацаандаа үр дүн гарна гэж бодож байна. Гол нь хуулийн хэрэгжилт сайн байх нь чухал. Цаашид Эрүүгийн процессын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх л явцад өмгөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх хүний эрхийг хангах тухайн хүн өмгөөлүүлэх эрхийг хангах илүү сайжруулах хэрэгтэй байна.
http://itoim.mn/article/F81R1/36288
URL: