Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “40 насны хямрал”-д өртсөн үү

kimmmУмард Солонгосын удирдагч Ким Жон Ун 2023 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр 39 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн .

 Британийн Теlegraph сонинд өчигдөр “Ким Жон Ун архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдгээс гадна энэ үеэрээ уйлах тохиолдол байдаг ба ихэд ганцаардаж, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа бололтой. Эрүүл мэндийн талаарх санаа зовоосон асуудлуудаа шийдэхийн тулд дэглэм барих шаардлага тулгараад буй 40 насны босгонд дөхөж буй тэрээр сэтгэцийн “хямрал”-д өртсөн байж мэдэх юм” хэмээн бичсэн байна.

Сүүлийн жилүүдэд Ким Жон Уны сэтгэл санаа болон бие махбодид ажиглагдсан хэд хэдэн үзэгдэлд үндэслэн ийнхүү дүгнэж буйгаа тус сонин дурдсан байна. Юуны түрүүнд тэрээр илүүдэл жинтэйн улмаас эрүүл мэндийн хэд хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа бөгөөд “эмнэлгийн ажилтнууд болон түүний эхнэр Ри Сол Жу нарын шаардлагыг ч үл харгалзан тамхи болон архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг зуршлаасаа салж чадахгүй байна” гэжээ. Энэ талаар Солонгосын хойгийн Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн захирал асан Чой Жин Вүк “Ким Жон Ун архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ уйлдаг гэх яриа чих дэлсэж байсан. Тэрээр маш их ганцаардаж, дарамт шахалтад байдаг байх” хэмээн хэлсэн байна.

Ким Жон Ун 2020 оны дөрөвдүгээр сард 20 орчим хоног олны нүдэнд үзэгдээгүй бөгөөд энэ үеэр түүнийг нас барсан гэх цуу яриа ч гарч байсан удаатай. Ийнхүү заримдаа олон нийтийн өмнө гарахгүй байна гэдэг нь эрүүл мэнд, сэтгэл санааны байдал хүнд байгаагийн шинж гэж Telegraph сонинд бичжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эрүүл мэндийн шалтгаанаас гадна өв залгамжлалын асуудал түүнд ихээхэн дарамт болж байгаа нь тодорхой хэмээн дүгнэв. Умард Солонгос судлаач Питер Уорд “Ким дарга гурван жилийн өмнөхийг бодвол үхэшгүй мөнх биш гэдгээ илүү ухамсарласан бололтой. Тэрээр цар тахлын халдварч авсан байх ч өндөр магадлалтай” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “Умард Солонгосын дэглэм ч удирдагчийгаа эрүүл мэндийн ноцтой асуудалтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь гарцаагүй. Хөдөлмөрийн намын зүгээс намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэдэг “1-р нарийн бичгийн дарга” гэх орон тоог шинээр бий болгосон шийдвэрээс үүнийг харж болох юм” гэжээ.

Ким Жон Ун өөрийн хоёр дахь охин Ким Жу Аэгийн хамт албан ёсны арга хэмжээнд саяхан оролцсон явдал болон түүний дүү Ким Ё Жон нь Хөдөлмөрийн намын даргын туслахаар хэдэн жилийн турш ажиллаж байгаа зэрэг нь ямар нэгэн гэнэтийн өөрчлөлтийн үед төөрөгдөл гарахаас сэргийлж, Кимийн гэр бүлийн тогтвортой засаглалыг үргэлжлүүлэхэд бэлтгэж буйн нэг илрэл хэмээн Telegraph сонин дүгнэсэн байна.

Үүний зэрэгцээ 2017 онд Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Нам Малайзад алагдсаны дараа Ким Жон Намын хүү Ким Хан Сол хаа нэгтээ оргон зайлсан тухай тус сонинд дурдаж “Энэ нь Ким Жон Уны сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Chosun агентлэг


URL: