С.Чинзориг: Нэг хүнд хийх сүрьеэгийн вакцинаас 10-30 дахин их тунг 9 иргэнд хийсэн
Сүхбаатар аймагт нохойд хазуулсан 9 иргэнд галзуугийн вакцин биш сүрьеэгийн вакцин андуурч хийсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Нэг иргэнд хийх ёстой сүрьеэгийн тунг 10-30 дахин нэмэгдүүлсэн тунгаар 9 иргэнд хийсэн нь тогтоогдоод байгаа аж. Вакцин андуурч хийсэн 9 иргэн 8-56 насных бөгөөд үүнд 8, 14 настай хоёр хүүхэд байгаа юм байна.
Нэг өдөр иргэдэд вакцин хийгээгүй учраас вакцинаа андуурсан байх үндэслэл байхгүй. Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтээ Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлсэн гэдгээ хэллээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэхдээ “Сүхбаатар аймагт нохойнд хазуулсан 9 иргэнд галзуугийн вакцин хийх ёстой байсан ч сүрьеэгийн вакцин андуурч хийсэн харамсалтай хэрэг гарсан. Нохойд хазуулсан иргэнээс галзуу өвчний шинж тэмдэг илрэх 90 хоногийн хугацаа байдаг юм байна. Эхний иргэн нохойд хазуулснаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн. Бусад иргэн нь сар хүрэхгүй хугацаа болж байгаа юм байна. Хүүхдэд бага байхад нэг удаа 0.1 мм хэмжээгээр сүрьеэгийн вакцин хийдэг юм байна. Гэтэл нохойд хазуулсан гурван иргэнд гурван удаагийн тун буюу нэг хүнд хийх хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хийсэн байна. Дөрвөн хүнд хоёр удаа буюу нэг хүнд хийх ёстой сүрьеэгийн вакциныг 20 дахин нэмэгдүүлсэн тунгаар хийсэн нь тогтоогдсон. Харин хоёр хүнд нэг удаа сүрьеэгийн вакцин хийсэн байна.
Энэ хүмүүс нэг өдөр, нэг нохойнд хазуулаагүй, арванхоёрдугаар сарын 5-26-ны хооронд нохойнд хазуулсан хүмүүс байна. Тиймээс вакцин андуурч хийсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Сүхбаатар аймагт мэргэжлийн баг ажиллуулахаар явуулсан. Энэ баг иргэдэд хийсэн сүрьеэгийн вакцины сөрөг үр дагаврыг тандан судлах, эрүүл мэндийн газарт хадгалагдаж байгаа вакциныг хэрхэн авч иргэдэд тарьсан талаарх тэмдэглэлийг шалгана.
Мөн би Эрүүл мэндийн сайдын хувиар Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн даргад хариуцлага тооцох саналаа хүргүүлсэн. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газарт хандаж байгаа. Учир нь Сүхбаатар аймагт үүссэн иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж тогтоож өгөх хүсэлтээ бичгээр өгсөн.
Вакцин гэдэг бол амьд бактери. Үүнийг хүнд хийж эсрэг биет үүсгэх ёстой байтал энэ хэмжээнээс 20,30 дахин их хийчихээр эдгээр иргэнд хийсэн учраас сүрьеэгээр өвчлөх магадлал маш өндөр байна. Тиймээс эдгээр иргэнийг тандах, хянах хэрэгтэй. Шаардлагатай бол энэ хүмүүсийг Улаанбаатар хотод авчирч эмчилгээнд оруулна. Энэ асуудлыг өнөөдөр Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын даргад танилцуулж, чиглэл авсан.
Хэрвээ Монголдоо эмчилж чадахгүй бол зардлыг нь Засгийн газрын нөөцөөс гаргаж яаралтай гадаад орнуудад явуулж эмчлүүлэхээс өөр аргагүй. Нөгөө талдаа галзуугийн вакцин хийгээгүй учраас энэ өвчин илрэхвий гэсэн айдас байна. Мэргэжлийн ноцтой алдаа гаргасан асуудал гарсан учраас 9 иргэн болон тэдний ар гэрээс уучлал хүсч байна” гэлээ.
URL: