Цолгүй бөхчүүдийн барилдаанд Ховдын Л.Сайханбилэг түрүүллээ
Цолгүй залуу бөхчүүдийн анхдугаар барилдаанд улс, аймаг, сумын цолгүй 336 бөх хүчийг үзэн барилдсанаас Ховд аймгийн Мянгад сумын харьяат, залуу бөх Лхагвын Сайханбилэг ес даван түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны 11-р сарын түрүү, залуу бөх Батхуягийн Гончигсүрэн үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат , залуу бөх Ц.Галданбазар шалгарлаа. Дунд шөвгийн зургаад Увсын О.Билгүүн, Ховдын Л.Мягмартүрүү, Завханы Б.Амарбаясгалан нар үлдэв.
Шагналыг МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав гардууллаа.
Маргааш буюу нэгдүгээр сарын 8-ны 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн 2023 оны эхний барилдаан болно. Цахимаар бүртгүүлсэн бөхчүүд бүртгэлээ баталгаажуулаад барилдана.
URL: