Утааг бууруулах ажлын “толгой” улам албан тушаал ахив

poganbaaНийслэлийн утаа утгаа алдаж, иргэд нийтээрээ утаандаа угаартсаар дэндлээ. Улаанбаатарын утаа чинь “Зайсанд хүртэл үнэртээд” удлаа.

Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд утаанаас үүдэлтэй ханиадандаа дарлуулсан хүүхдүүдээр дүүрч, коридорт нь гишгэх зайгүй шахам дүүрч, уйлж, чарласан хүүхдийн дуу хадсаар байна. Эмийн сангуудаар ханиадны эсрэг эм, антибиотик тасалдаж байна.

Гэвч утааг бууруулах ажлын тэргүүнд оройлон гүйж явсан хүмүүсээс хариуцлага хүлээх биш, харин ч албан тушаал ахисаар байгаа нэг хүн бий. Утааны асуудалтай яаж ийгээд холбогддог, энэ чиглэлийн ажлуудыг толгойлж хийдэг нэг хүн байдаг. МАН эрх барьж байгаа үед бялууны зүсэм зайлшгүй хүртдэг, ялангуяа нэлээн том зүсмийг хүртдэг тэр эрхэм бол одоо БОАЖ-ын дэд сайдын албан тушаалд томилогдоод байгаа “По” гэгдэх М.Ганбаатар.

Тэр 2016 онд МАН сонгуульд ялмагц Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар томилогдож байв. Уг нь их чухал нэгж. Улаанбаатарын утааг бууруулах шийдэл чухамдаа энэ нэгжид л байсан юм. Гэр хороолол руу дэд бүтэц татах, дэд төвүүдийг байгуулах,  дахин төлөвлөх гэхчлэн менежер хүн бол ур ухаан, чадвар чансаагаа соримоор албан тушаал л даа. Гэвч тэр ингэж чадаагүй. Үүний дараа 2018 онд “Тавантолгой түлш” хэмээх бэлэн төсөл дээр очсон. Тавантолгой түлш ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, ашиглалтанд орсон үйлдвэр 2019 онд МАН-ын өөрсдөдөө өгдөг “Алтан сарнай” шагналын эзэн болж, баатар мэт попорч байв. Гэтэл түүний удирдсан байгууллагын бүтээгдэхүүн удалгүй тар нь танигдаж, нийслэлчүүд угаартсаар л үлдэв.

Өнгөрсөн онд утааны асуудал хурцаар яригдаж, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хороо, БОАЖ-ын сайдыг хүртэл огцруулж байлаа. Мөн хавар нь нийслэлчүүдийн хэрэглээнд шаардлага хангаагүй түлш үйлдвэрлэж, бүтээгдэхүүний чанар доголдсон учир мань М.Ганбаатар хүртэл ажлаасаа чөлөөлөгдөж байв. Утааны асуудалд оройлж явсан хүмүүс ийнхүү огцорч, ажилгүй болсон үйл явдлуудыг иргэд хариуцлага хүлээлгэлээ гэж ойлгож байсан.

Гэтэл харамсалтай нь өмнө хийсэн ажлын үр дүн нь нойл М.Ганбаатар харин ч албан тушаал ахиж, БОАЖ-ын дэд сайдаар томилогдчихоод яндангийн асуудал ярин гарч ирлээ. Намынхаа улс төрчдөд таалагддаг байвал төрийн өндөр албан тушаал, түмний төлөө хийх чухал “мeст”-нд томилогддогийн тод жишээ нь энэ хүн болов.

Татвар төлөгчдийн мөнгийг одоо үргүй зарцуулах нь. Айлын янданг хөөлнө гэж “алиа” юм ярив.

Ханиад хүрсэн хүүхдийн уушги олон жил тамхи татсан хүнийхтэй ижил байна гэдгийг ч эмч нар мэдэгдэж байгаа.

Өнөөдөр /2022.01.09/ нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ 10:00 цагийн байдлаар Баянхошуу орчим маш их бохирдолтой буюу 465, дамбадаржаа орчим 320-ийг даваад байна.

РМ10 тоосонцрын хүлцэх хэмжээ 100, РМ2.5 тоосонцрын хүлцэх хэмжээ 50 байдаг. Гэтэл Баянхошуу орчимд РМ10 тоосонцор хүлцэх хэмжээнээс бараг тав дахин их, РМ2.5 тоосонцор 9 дахин их байна.

Б.Мөнх

http://hardnews.mn/44976/


URL: