Хумхаа өвчний халдвар авсан нэг алба хаагч нас барж, нэгнийх нь биеийн байдал нэн хүнд байна
Өмнөд Суданд үүрэг гүцэтгэж байсан зэвсэгт хүчний алба хаагчид хумхаа авчний халдвар авсан асуудлаар Батлан Хамгаалах яам мэдээлэл өглөө.
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар ”Бид 21 жилийн өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг дэмжих ажиллагаанд цэргээ илгээж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсын 850 хүнтэй нэг баг Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа. Өнөөдөр арваннэгдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн албаа нэр төртэй хаагаад явж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргүүд нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэдэг.
Өмнөд Судан улсад буй цэргийн баг маань тус улсын өмнөд, хойд, төвийн бүсийн зургаан газарт үүрэг гүйцэтгэж байна. Энэ үүргээ манай энхийг сахиулагчид нэр төртэй гүйцэтгэж байгаа. Батлан хамгаалахын сайдын тушаалаар ажлын хэсэг томилогдож, Өмнөд Судан улсад зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа 11,12 дугаар ээлжийг хүлээлцсэн. Хамгийн сүүлийн ээлж нэгдүгээр сарын дундуур ирэх төлөвлөгөөтэй байгаа.
Түүнчлэн энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргүүд хумхаа өвчний халдвар авсан талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Хумхаа өвчин зөвхөн энэ удаад л гараад байгаа юм биш. Африкийн хэт халуунтай холбоотойгоор шумуулаас дэгддэг энэ өвчин урьд нь гарч байсан. Бид эмчилж байсан” гэв.
Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од ”Энхийг дэмжих ажиллагаанаас ирсэн цэргийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрсэн. Одоогоор долоон алба хаагч бүрэн эдгэсэн. Хоёр алба хаагчийн нэг нь нас барсан, нөгөө нь эмчилгээний тасагт нэн хүнд гэсэн ангиллаар хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөн эмээ уусан уугаагүйгээс хумхаа өвчин ихээхэн хамаардаг.
Африкт арван шумуул тутмын нэг нь хумхаа өвчинтэй гэж үздэг. Энэ өвчин нь шумуулаас хүнд дамждаг бөгөөд хүнээс хүнд халдахгүй. Халдвар тээгч шумуулд хазуулсан тохиолдолд хумхаа өвчин тусаж болно.
Манай цэргүүд эх орондоо ирээд 14 хоног хумхаа өвчний эсрэг эм уудаг. Дэлхийд хумхааны эсрэг вакцин байхгүй. Өмнө нь энхийг дэмжих ажиллагаанаас ирж буй цэргийн багаас хумхаа өвчний тохиолдол илэрдэг ч бүрэн эмчилдэг байсан.
Энхийг сахиулах ажиллагаа явуулж буй 21 жилийн хугацаанд хумхаа өвчнөөр хүн нас бараагүй. Энэ удаа анхны тохиолдол болсон” гэв.
http://hardnews.mn/44579/
URL: