Нийслэлийн Ерөнхий менежер М.Баяраагийн эргэлзээтэй фактууд
Хот гэх том айлын Ерөнхий менежерээр томилогдсон М.Баярааг тойрсон бухимдал хардлага өдөр өнгөрөх тусам нэмэгдэх хандлагатай. Хэн ч танихгүй юу хийж бүтээсэн нь нь тодорхойгүй Д.Сумьябазарын “суганы үс” гэх муухай тодотголоос өөр зүйлгүй атлаа асар олон эргэлзээ дагуулсан, но-той ноц-той хүн нийслэлийн Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны даргаар томилогдсон болохоор арга ч үгүй байх.
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн ард түмний жагсаал тэмцэл намдав уу үгүй юу, олон жил нийслэлийн Ерөнхий менежерээр ажилласан Ганболд “давсны хулгайгаар” буруутган, албан тушаалаас нь огцруулсан.
Үнэхээр давсны мөнгө “хулгайлж” тэрбум төгрөг шамшигдуулсан нь үнэн бол Ганболдыг чөлөөлсөн хотын дарга Д.Сумьяабазарыг дэмжмээр. Харамсалтай нь “давсны хулгайчаас” илүүтэйгээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж буй ЭТТ компанийн ТУЗ-ын дарга асан хүнийг Ерөнхий менежерээр дэвшүүлэн томилсонд олон залуус эгдүүцэн бухимдаж байна. Ялангуяа МАН-ын залуус дотоод чат групптээ Д.Сумьяабазарын энэ томилгоог эсэргүүцэж, фаак шейкээр нь дуудаж, шударга томилгоо хийхийг шаардаж эхэлжээ. Ер нь М.Баяраа хотын даргаас бусад улс төр болон нийслэлийн удирдлага дотроо ч нэр хүнд муутай, энэ хэмжээний албан тушаал хаших хэмжээнд хүрээгүй хүн бололтой юм.
Халтиргаа гулгаа, цас мөс, түгжээ бөглөрөл гээд нийслэлчүүдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн. Ийм үед хамгийн хариуцлагатай, шуурхай менежмэнт хийх ёстой атал “дээс томдгийн үлгэр”-ээр “Нийслэл цас арилгадаг хоёрхон машинтай. Тэр хоёр машин нь дугуйгүй” хэмээн сошиалаар нэг гомдоллосон нь иргэдийг улам их бухимдууллаа. Хоёрхон машины 8 дугуйг шийдчихэж чадахгүй хүн цаашид их хотын түм буман асуудлыг яаж шийдэх вэ хэмээн аргагүй гологдож эхлээд байна.
Бид ийм нэг унхиагүй, урагшгүй нийслэлийн Ерөнхий менежертэй болчихлоо. Энэ байдлаараа тэрэнтэй тэрэнгүй дэнчигнэж байгаа хотын даргаа хөлдөө чирж, хавраас өмнө огцруулж мэднэ. Ийм ч улс төр, нийгмийн тохироо бүрдчихээд байгаа. Ингээд Хотын дарга Д.Сумьяабазар болон Ерөнхий менежер М.Баяраа нарын хамаарал бүхий баримтыг фокусаллаа.
ФОКУС & ФАКТ 1.
Д.Сумьяабазар 2013 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор М.Баяраагийн төрийн албанд дарга болох зам засагджээ. Түүний төрийн анхны ажил нь Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга байсан бөгөөд 2013-2016 он хүртэл хашсан.
2017 онд Д. Сумьяабазарыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд болоход тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга болсон.
2020 онд Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргаар ажиллахад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар тус тус ажилласан. Ийм учраас МАН-ынхан түүнийг Д.Сумьяабазарын “суганы үс”, команд биелүүлэгч “цэрэг” хэмээн хочилдог юм байна.
ФОКУС & ФАКТ 2 .
2013 оноос хойш өнөөдрийг хүртэл төрд ажилласан. Сүүлийн 2 жил буюу 2020-2021 онд гэр бүлийн хөрөнгө орлого нь 100 саяас хагас тэрбум хүртэл 5 дахин өссөн. Энэ нь АТГ-ын ч, ард түмний ч анхаарал татах ФАКТ . Гэвч АТГ ковидын онцгой үед зуу зуун саяар өссөн түүний орлогыг шалгаагүй. Нийслэлийн Ерөнхий менежерээр дэвшихэд ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн үү, энэ томилгоог хийхэд ямар нэгэн реакц үзүүлээгүй байна. АТГ шалгах уу?
ФОКУС & ФАКТ 3.
БНХАУ-ын Багшийн их сургууль, Японы Киорин их сургууль төгсөн хэмээн намтартаа бичсэн. Гэвч одоо хүртэл дээрх сургуулиудыг төгссөн гэх бүртгэл төрийн бүртгэлд байдаггүй юм байна. БСШУЯ хуурамч дипломны хэргийг дахин сөхөх үү?
ФОКУС & ФАКТ 4.
Нүүрсний хулгайчдыг эсэргүүцсэн ард түмний тэмцлийн үеэр хотын дарга Д.Сумьяабазарыг нүүрсний хулгайч хэмээн жагсагчид зарласан. Өөрөө тийм бизнес байхгүй хэмээн улаан цагаанаар гүрийж байгаа ч Өмнөговьд ажиллаж байсан гэх нийслэлийн захын нэг таксины жолооч түүнийг тээвэрлэлтийн компанитайг барин тавин ярьдаг. Үнэн худлыг АТГ шалгаж байгаа байх. Гэхдээ хотын дарга ба ерөнхий менежер 2-ын холбоо ЭТТ дээр ч мөн уулзаж байгаа нь дөрөв дэх ФАКТ юм. М.Баяраа нүүрсний хулгай нүүрлэсэн ЭТТ компанийн ТУЗ-ын даргаар Д.Сумьяабазарыг УУХҮ-ийн сайд байхад ажиллаж байсан. 2018-2020 он бол ЭТТ компанийн сэргэн мандалтын үе байсан. Энэ үетэй нүүрсний хулгайн үе ч давхцдаг бөгөөд гүйцэтгэх захирал Ц.Ганхуягийг шууд удирдан чиглүүлж байснаараа ТУЗ-ын дарга, гишүүд ЭТТ-той холбоотой гай, гавьяа хоёрыг хамт үүрэлцэх учиртай. Гэтэл гүйцэтгэх захирал нь шоронд хоригдож, ТУЗ-ын дарга нь тушаал дэвшин, төрөөс төрсөн тэрбумтан болчихоод байхад АТГ хэн нэгнээс команд хүлээх мэт “хулгайч цагдаа” болж тоглосоор байна. Засаг нүүрсний хулгайчидтай тэмцэж байгаа. Харин нийслэлийн Засаг дарга давсны хулгайчаа илрүүлэн зайлуулсан. Гэвч хэн ч түүнд баяр хүргэсэнгүй. Харин ч илүү дургүйцэж, суганы үсийг нь хусахын тулд өөрийнх нь хулгайг илчлэхийг шаардаж байна.
Эх сурвалж: focus.mn
URL: