АНУ, БНСУ хамтарсан цөмийн сургуулилалт хийх талаар хэлэлцээгүй гэв
ВАШИНГТОН. /TASS/. БНСУ-тай хийх хамтарсан сургуулилалтад Америкийн цөмийн хүчнийг оролцуулах асуудлыг одоогоор хэлэлцээгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгджээ.
АНУ-ын цөмийн хүчний оролцоотой хамтарсан сургуулилалт хийх, мөн үйл ажиллагаагаа хамтдаа төлөвлөх талаар хоёр улс хэлэлцээ хийж байна гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль өмнө нь мэдэгдсэн юм.
Үүнтэй холбоотойгоор АНУ одоо Өмнөд Солонгостой хамтарсан цөмийн сургуулилалт хийх талаар хэлэлцэж байгаа эсэхийг Ж.Байденаас асуухад дээрх хариултыг өгчээ. Юн Сок Ёль хэлэхдээ, БНАСАУ-ыг “өргөтгөсөн хүчээр үр дүнтэй тогтоон барих” зорилгоор Вашингтон, Сөүл “цөмийн зэвсгийн чиглэлээр хамтарсан төлөвлөлт, хамтарсан сургуулилалт хийх үзэл баримтлал”-ын талаар хэлэлцэж байгаа бөгөөд АНУ-д үүнд нэлээд нааштай хандаж байна” гэжээ.
Мөргөлдөөн гарсан тохиолдолд АНУ Солонгосын хойгт орчин үеийн нисэх онгоц, шумбагч онгоц, нисэх онгоц тээгч хөлөг онгоц зэрэг “стратегийн хэрэгслээ” цаг алдалгүй байршуулахад бэлэн байгааг өмнө нь хоёр тал хоёул мэдэгдэж байв.
Үүний зэрэгцээ БНСУ-ын удирдагч хамтын ийм ажиллагаа нь цөмийн зэвсгийг хамтран ашиглах тухай гэрээ хэлэлцээр байгуулахад хүргэхгүй гэдгийг онцлон дурджээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хуралдааны үеэр цөмийн сөрөг цохилт өгөх боломжийг олгох тив алгасагч шинэ баллистик пуужин бүтээх, тактикийн цөмийн зэвсгийн “масс” үйлдвэрлэлийг бий болгохыг даалгажээ. Энэ нь “Өмнөд Солонгос илт дайсан болсон” нөхцөлд зайлшгүй шаардлагатай гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Д. Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: