И.Мөнхжаргал “Алтан гадас одон хойт зүгийг заадаг шиг нүүрсний хулгай Засгийн газар луу заах боллоо

7ad2b79efe40515651254076e3005ec6Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын ЕНБДарга И.Мөнхжаргал дараах мэдээллийг өглөө.

“Алтан гадас одон хойт зүгийг заадаг шиг нүүрсний хулгай Засгийн газар луу заах боллоо. Улсын прокуророос нүүрстэй холбоотой 38 хэрэг шалгагдаж байгаа мэдээлэл хийсэн. Үүний 35 нь МАН-ын Засаг барьж байхад гарсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат ТУЗ-д нь хоёр удаа томилогдон ажиллаж байгаа. Энэ хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын ажлыг шалгаад “сайн байна” гээд дүгнээд явж байсан хүн. Нийлж хулгайн хэргийг шалгаж чадаагүй байж БЭТ болоод өөрөө өөрийгөө шалгах гээд явж байгаа нь хэр зохистой вэ? Нүүрсний хулгай оффтейк гэрээ бүгд энэ Засгийн газрын үед хийгдсэн.  “Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газраас өгсөн чиглэлүүдийн дагуу том гэрээг хийдэг. Нүүрсний хулгайч гэдэг нь МАН-ын Засгийн газарт байна. Энэ зүг рүү бүгд харах ёстой. Засгийн газраа УИХ нь дуудаж ирээд шалгаж ярих цаг болсон. Гишүүд, жолооч, хувийн ААН-үүдийн нэрийг зарлаж, цоллоод байхаа боль” гэлээ.

Ардчилсан намын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Бат-Од ”2016 оноос хойш МАН хоёр удаа сонгуульд ялалт байгуулж, засаглаж байгаа. Энэ хугацааны 44 их наядын нүүрсний хулгай буюу луйвар нь илэрч байна. Хоёр жилийн улсын төсвийг идчихсэн байна. Иймээс иргэн бүрийн 1072 хувьцаа эзэмшдэг компанийн гэрээг нууцад авч, хулгай хийх боломжийг хэн олгов, хэдэн гэрээ нууцад гэрээ авсан бэ? Ил болгоогүй гэрээгээ яагаад ил болгохгүй байна вэ? Хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүй гэрээг нууцад авсан бэ гэх асуултад хариулт авахаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.  Хулгай бүр МАН-ын цагаан байрыг зааж байна. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын нүд чих орохгүйгээр хулгай хийгдэх боломжгүй.  Иргэдийн 20 хоног хийсэн жагсаалын шаардлагыг бид үргэлжлүүлэн шаардах болно” гэлээ.

 


URL: