Х.Баттулга АТГ-аас шууд Төрийн ордонд очиж ЕТГ-ын даргатай уулзжээ
Мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр зарлагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөгөөдөр нь АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Эх сурвалжуудын мэдээллээр мэдүүлэг авах үйл явц гурван цаг орчим үргэлжилж, төгсгөлд нь яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Гэвч Х.Баттулга “…Бусдаас тодруулах, сайтар бодоод нэхэж санах 2-3 зүйл байгаа тул дахин ирж мэдүүлэг өгье” гэжээ. Ингээд яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зураагүй байна. Харин тэрбээр АТГ-т мэдүүлэг өгч гараад шууд Төрийн ордонд очжээ. Тэнд ЕТГ-ын дарга Я.Содбаатартай өрөөнд нь уулзсан байна.
Х.Баттулга үүнээс гурав хоногийн дараа 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр БНСУ руу явсан. Олон нийт “… Х.Баттулга оргон зайллаа” гэж шуугисан. Зарим хэвлэлд “…Х.Баттулга яаралтай эмчлүүлэх шаардлагатай болж, АТГ-т хувийн баталгаа гаргаад БНСУ руу ниссэн” гэж мэдээлсэн. Тэгвэл өөрөөр нь “овоглодог” АН-аас мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ “…”Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй” хэмээн АТГ-аас зарласан 17 хүнээс хамгийн түрүүнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл өнгөрөгч амралтын өдөр нийгмийн сүлжээнд “…Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.
Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрбээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг АН-аас мэдэгдэж байна” гэсэн.
Мөн энэ сарын 21-нд Төрийн ордны Их танхимд болсон нүүрсний хулгайн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр АТГ-ын дарга З.Дашдаваа “…“Х.Баттулгыг оргон зайлсан гэж хэн нотлоод байгаа юм. Яллагдагчаар татагдсан байхад шүүх хурал болоход ирэхгүй бол оргосон гэж үзнэ. Шүүх хурал болтол хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ байдгаас мөрдөгч хэний ч нөлөөлөлгүйгээр шийдвэр гарган, яллагдагчид арга хэмжээ авах эрх бий” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ийн сүр дуулиантайгаар эх орноосоо явсан Х.Баттулга одоогоор буцаж ирээгүй байна.
Б.Дамдин-Очир
URL: