Хагас жил хүлээлгэсэн сурах бичиг хаанаа ч хүрсэнгүй, Л.Энх-Амгалан сайд аа

f5f9a024d01e86690877464b5fa7b346-СУРАХ БИЧГЭЭ СУГАЛААГААР АВДАГ ГЭВ ҮҮ-

          Монголын ирээдүй даанч бүрхэг байна даа. Энд ирээдүйн алдрайхан бяцхан үрсийг буруутгаагүй гэдгийг дурдах нь зүйн хэрэг биз ээ. Ирээдүйгээ баллаж байгаа эрх мэдэлтнүүдэд хандах гэсэн юм. Хичээлийн шинэ жил эхлээд хагас жилийн нүүр үзэж, бүтэн нэг улирал хичээллээд, амралт эхэлчихлээ. Харамсалтай нь, сурагчид ширээн дээрээ тавих номгүй, үзэж харах сурах бичиггүй нэг улирлыг давав. Улирлын амралт эхлэхийн өмнө ахлах, дунд ангийнхны сурах бичиг хагас дутуу ирсэн сурагтай. Даанч гомдмоор, дэндүү харамсалтай байгаа биз.

     Хуучин цагт хөдөөгийн сурагчид нэг нэгнийхээ номыг дундаа хэрэглэж, өвлийн хүйтэнд “Номоо өгчих найз аа, хамт хичээлээ хийе” гээд л үдэш, орой хаалга үүдийг нь татдаг цаг өнгөрсөн баймаар. Гэтэл орчин цагт, 21 дүгээр зуунд хүүхдүүд үзэж харах, сурах бичиггүй хуучин тэр үеийнхээсээ дээрдсэн зүйлгүй байна.

        Сурах бичгийн асуудал жил болгон хичээл дуусахын алдад жигдэрч, зуны сардаа мартагдаж, хичээл эхлэхтэй давхцан сөхөгдсөөр олон ч жилийн нүүрийг үзлээ дээ. Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2014 онд цөм хөтөлбөр гэх сүржин нэртээ даржин хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөр эхэлсэнтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөрийг дахин боловсруулж, сурах бичгийг шинэчилсэн байдаг. Гэсэн ч жил бүр сурах бичиг нь хагас жил хүлээлгэж ирдэг, ирэхдээ хүүхдүүддээ бүрэн хүрдэггүй хэвээр байна.

    Хөдөө орон нутгийн сурагчид сурах бичигтэй болохын тулд сугалаа сугалдаг гэх. Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид дунджаар 30-40 хүүхэд суралцдаг. Тэгвэл тэдгээр хүүхдийн дунд хамгийн ихдээ 15 сурах бичиг ирсэн талаар эцэг эхчүүд ам уралдан ярьж байна. Сургуулийн удирдлага болон багш нар арга аа барахдаа сурагчдаараа сугалаа сугалуулж, аз таарсан хэд нь арай гэж сурах бичигтэй болсон гэх Эндээс харахад хүүхэд бүр Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхээ хангуулж тэгш чадахгүй хэвээр байна. Суралцах эрхээ сугалаагаар шийдүүлнэ гэдэг эмгэнэл үү, инээдэм үү Л.Энх-Амгалан сайд аа.

    Есдүгээр сард  эцэг, эхчүүд сурах бичиг хүрэлцэхгүй, ирэхгүй байгаа талаар шүүмжилж байсан. Бид энэ талаар Боловсролын ерөнхий газрын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний газрын дарга Д.Даваасүрэнгээс тодруулахад “Өнгөрсөн хавар авсан судалгаагаар дунд, ахлах ангийн сурах бичиг 50 хувийн хангалттай байсан. Үүнийг 100 хувьд хүргэхийн тулд ажиллаж байна” гэх тайлбарыг өгч байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл сурагчид сурах бичгээр бүрэн хангагдаагүй хэвээрээ байна. Сурах бичиг хэвлэх Төрийн худалдан авах ажиллагаанд улс төрийн нөлөө бүхий  томчууд компани толгой дараалан сонгогдсон баримтыг ч бид өмнө нь мэдээлж байв.

 Тодруулбал, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирын 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн А/173 дугаар тушаалаар 2022-2023 оны хичээлийн жилд 3.7 тэрбум төгрөгөөр сурах бичиг хэвлэхээр болжээ. Хэвлэлийн компаниудтай гэрээ байгуулж, өнгөрөгч наймдугаар 26-нд урьдчилгаа төлбөрүүдийг нь шилжүүлсэн байна. Үүнийг  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг” ХХК, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн “Соёмбо принтинг” ХХК нар сурах бичгийн төлбөрийг шилжүүлэн авч, гэрээ хийсэн.

      Эргэн сануулахад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг” ХХК-д 136.8 сая төгрөг,  71.4 сая гэж хоёр удаагийн гүйлгээгээр нийт 208.2 сая төгрөг, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн “Соёмбо принтинг” ХХК-д 123.2 сая төгрөгийг “Гэрээт ажлын урьдчилгаа” гэх утгаар шилжүүлсэн байсан.

https://ergelt.mn/news/65/single/28635


URL: