Хятадын нүүрсний олборлолт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

37047-1000-600.2Хятад улсын хэмжээнд энэ оны 1-11 дүгээр сард олборлосон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өсөж, дөрвөн тэрбум 90 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.  Хятадын эрчим хүчний үндэсний газрын цахим хуудаст мэдээлснээр, дурдсан хугацаанд нийт олборлолтын 81 хувийг тус улсын хойд нутгийн дөрвөн бүс нутаг болох Шаньси, Шэньси, Шинжаан-Уйгурын өөртөө засах муж болон Өвөр Монголын өөртөө засах орон эзэлжээ. Эдгээр бүс нутагт  1-11 дүгээр сард гурван тэрбум 320 сая тонн нүүрс олборлосон байна.  Өвөлжилтийн оргил ачааллыг даван туулах эгзэгтэй цаг мөчид нүүрсний олборлолтын хэмжээг харьцангуй өндөр түвшинд байлгаж байгааг Хятадын эрчим хүчний үндэсний газар онцолжээ. Энэ сарын эхний хагаст үндэсний компаниудын олборлолтын дундаж үзүүлэлт хоногт 12.51 сая тонн байжээ.


URL: