“Korea National Railway” компаниас туршлага судаллаа
БНСУ-ын “Korea national railway” компанийн урилгаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, Ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ, Захиргаа, удирдлагын газрын дарга Я.Намсрай, Төсөл хөгжлийн газрын дарга Э.Эрдэнэбат нар тус улсад албан томилолтоор ажиллаж, Олон улсын бизнесийн хэлтсийн Гүйцэтгэх захирал Ли Жэ Вүү, Олон улсын бизнесийн 1-р хэлтсийн захирал Жион Ги Ён нартай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд, БНСУ-ын Төрийн өмчит “Korea national railway” компанийн удирлагуудтай төмөр замын хонгил /туннель/ барих чиглэлд туршлага судлах, үйлдвэрлэлийн процесстой танилцах зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал солилцов. Мөн Гүро Диспетчерийн нэгдсэн удирдлагын төв, Тэжон метроны буудал, GTX-A төмөр замын бүтээн байгуулалт зэрэг ажилтай талбай дээр нь танилцав. Түүнчлэн тус компанийн ашиглаж байгаа сэлбэг, техник болон харилцаж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ. БНСУ-ын Төрийн өмчит “Korea national railway” компани нь төмөр замын суурь бүтэц, барилга угсралт, засвар үйлчилгээ, төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулах төлөвлөгөө боловсруулан, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг чиглэлээр тив дамнан үйл ажиллагаа эрхэлдэг олон жилийн туршлагатай томоохон байгууллага юм.
URL: