Л.Оюун-Эрдэнэ: Шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд гурван эрхзүйн суурь өөрчлөлтийг хийх шаардлагатай

fragNcoSjWPcuABgT4q1Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд дараахь гурван эрхзүйн суурь өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай гэсэн  юм. Үүнд:

Нэг. Орлогын тэгш бус байдлыг арилгах
Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарсангүй ээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын баялаг хэсэг бүлэг хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрч, уул уурхайн баялаг иргэдийн амьдралд бодит орлого болж чадсангүй. Засгийн газрын УУЛ УУРХАЙН далд эдийн засгийг ил болгохын төлөөх тэмцэл ч үүнтэй л холбоотой.
Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.
Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн.
Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно.
Энэ агуулгаараа Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн болгох багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг Монгол Улсын Засгийн газраас ойрын өдрүүдэд Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх болно.

Хоёр. Иргэний төлөөлөх эрхийг хангах
Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс билээ. Парламентын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн БАГА АРД ТҮМЭН байх төлөөллийн зарчим юм. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламентыг иргэний төлөөллийн байгууллага гэхээсээ илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага гэж ойлгодог болоод удлаа.
Энгийн иргэн, хоёр том намын гишүүнчлэлгүй нийгмийн сонирхлын төлөөллүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл парламентад сонгогдох нь өдрийн од харах мэт ховор байсныг өнгөрсөн 30 жилийн түүх хангалттай нотлоно.
Ардчилал бол эрх мэдэл, эд хөрөнгө хэт цөөнхөд төвлөрснийг эсэргүүцэж гарч ирсэн засаглалын хэлбэр юм. Энэ утгаараа парламентын ардчилал бол төр иргэн хоёрыг холбосон төлөөллийн төв байгууллага бүрэн төлөөлөх ёс зүйн өндөрлөгийн тухай ойлголт билээ.
Тийм ч учраас сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна.

Гурав. Хариуцлагын тогтолцоог чангатгах
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тогтолцоо ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж олон нийт шүүмжилж байна. Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна.
Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна.
Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах авлигатай хийх тэмцлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгаж, Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж байна. Үүнд:
·      Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
·      Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох,
·      Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
·      Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгалаа.


URL: