С.Амарсайхан: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой

amarsaikhannn-1024x682Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг өнөөдөр  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа. Тэгвэл энэ хүрээнд  өчигдөр Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир нарын албаныхантай уулзсан билээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан: Банк санхүү, эдийн засгийн салбарын амь тасардаггүй алуурчид айдасгүй байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 Тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн,хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфльяц,төгрөгийн ханшыг барьж чадалгүй алдсан МБ-ны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой. Албан тушаалтнууд журам өөрчилж, хууль зөрчиж байгаад ядарсан иргэдийнхээ төлсөн зээлийн эргэн төлөлтөөс 400 тэрбум төгрөг хулгайлж, завшчихаад чимээгүй яваад байж болоод байдаг.

Гэтэл нөгөө талд нь хэдэн үеээ барьцаалж арай хийн байртай болчихоод дээр нь хуруу хумсаа хугаслан, өдөр шөнөгүй зүтгэж олсон хэдээ ипотекийн зээлийн төлбөрт сар бүр төлдөг ч багагүй хувь нь хулгайн сүлжээг тэжээдэг.

Зээл хүүгээ төлөөд, дээр нь өлсөж даарахгүйхэн өдөр хоногийг өнгөрөөх гэж хичээж байгаа иргэдийнхээ зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, дээрэмдүүлсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар тэрийж хэвтдэг цайрчихсан байж болохгүй юм.

Үүний цаана орон сууцтай болох хүсэл мөрөөдөл дүүрэн мянга мянган залуу гэр бүлийн хувь заяа бас бий.

Хийсэн хулгай, дээрмээсээ айдаггүй, хуулиас ч эмээдэггүй, ард түмний хэтэвчээс эхлээд айл өрхийн данс, аж ахуйн нэгжийн бизнес, улс орны сан хөмрөгт хүртэл шуналын савраа дүрсэн дээрэмчдийн мэргэшсэн сүлжээг ил гаргаж, нэг мөр цэвэрлэж байж Засгийн газрын авилгатай тэмцэх, нийгэмд эрх тэгш, шударга ёсийг тогтоох бодлого бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.” гэсэн юм.


URL: