“Акул, жараахай”-нууд маань одоо л хуультай болох уу?!

akuljaraahai“…Ерөөсөө эрхэм чанараа сайтар сахидаг, өндөр ёс суртахуунтай хүнд хуулийн хэрэг гэж байхгүй” гэж академич С.Нарангэрэл гуай хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа хэлсэн  байдаг. Одоогоос бараг найман жилийн өмнө л дөө.

Тэгэхэд “…Энэ гурван сая хүрэх гэж байгаа ард түмэн өлсөж зовохгүй аж төрж, өвдөхөд нь эмнэлгийн туслалцаа олдохгүй, зарим нь толгой хорогдох оромж байхгүйн зовлонг маш богино хугацаанд шийдээд энэ ард түмнийг амар жимэр, аз жаргалтай байлгах тухай л ярих хэрэгтэй. Нөгөө талаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг баталгаатай хангах нь чухал” гэж байсан юм.
Гэвч эрхэм академичийн хэлж байсан нь өнөө хэр нь засарсангүй. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюу толгой, Хөгжлийн банк, араас нь нүүрсний хулгай гээд хэдэн жил дамнасан хэргүүд ар араасаа гарч ирж байна. Дандаа л олон нийтийн итгэл өгч, эрх мэдэл олгосон хүмүүсийн оролцоотой үйл ажиллагаануудын “үр дүн” байх аж. Гэтэл манайх энэ төрлийн гэмт хэрэгт “хуулийн дагуу” хариуцлага хүлээлгэх чадамж муутай болчихсон. Уг нь авлига авах, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэхийг Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуулиудаар хориглосон. Гэвч хууль бус үйлдэлд холбогдсон албан тушаалтнууд ямар нэг цоорхой гаргаад л түүгээрээ мултраад гарчихдаг.
Тухайлбал, Эрүүгийн хуульд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ялаар шийтгэхээр зүйчилсэн.  Бас авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Ял наймаалцдаг гэсэн үг. Үүнээс гадна халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй.
Энэ мэт албан тушаалтнуудын хариуцлагаас мултардаг “цоорхой”-г нөхөх Эрүүгийн хууль, бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ. Сүүлийн хэд хоног нийгмийн эсэргүүцэл тэмцэл, шахалт шаардлагатай тулсан нүүрсний хулгайтай холбоотойгоор энэ бүхэн засагдах нөхцөл үүсч байх шиг байна. Хэрэв УИХ уг төслийг дэмжвэл цаашид хялбаршуулсан журмаар хэрэг шийдэхгүй. Халдашгүй эрхээр халхавчилж хэрэг хөөн хэлэлцэх хугацааг дуусахгүй. Авлига, албан тушаалын хэргийн ялыг чангатгана. Ийм хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг бүх насаар нь нийтийн албанд ажиллахыг хориглоно. Ерөнхийдөө ийм өөрчлөлтүүд хийгдэнэ гэсэн үг.
Энэ нь академич С.Нарангэрэл гуайн дээр хэлсэн үг, мөн Аристотелийн “…Хууль нь зөвхөн ёс суртахуунаа сахин биелүүлэхгүй, түүнийг ноцтой зөрчиж буй хүмүүст зориулагдсан. Түүнд төрийн зүгээс цээрлэл үзүүлж зохих шийтгэл хүлээх хэрэгтэй” гэсэнтэй л ижил агуулгатай гэсэн үг.
Ер нь бол хуулийг ингэж чангатгаж байж л Төв талбай дээр жагсаж байгаа иргэдийн шаардлага биелнэ. Одоогийн хуулиар бол нүүрсний хулгайн хэрэг шүүх дээр очоод л нөгөөх “цоорхой”-гоор нь гоожоод алга болно.  Гэтэл авлигатайгаа тэмцээд олны жишиг болж чадсан Хятадын хууль маш чанга байдаг. Эрүүгийн хуульд нь авлигын гэмт хэргийг төрийн байгууллага дахь идэвхтэй, идэвхгүй авлига, бусдыг сүрдүүлэн мөнгө авах, мөнгө угаах, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг олон төрлөөр тодорхойлсон. Мөн төрийн албан хаагчдад санал болгосон хээл хахуулийн хэмжээ 10 мянган юаниас их бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг.
Тодруулбал, Хятадын Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэгт “…10-200 мянган юанийн авлигын гэмт хэрэгт тав хүртэлх жилийн хорих ял, 200 мянгаас нэг сая юанийн “ноцтой” авлигын гэмт хэрэгт таваас арван жилийн хорих ял, нэг сая юаниас дээш болон шууд хэмжээгээр таван сая юаниас дээш хэмжээний хохирол учруулсан “онц ноцтой” хахуулийн гэмт хэрэгт 10-аас дээш жилийн хорих ял, үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн (нэг сая юаниас илүү хохирол учруулсан) авлигын хэрэгт 5-10 жилийн хорих ял, гурван саяас дээш юанийн авлига авбал цаазаар авах буюу ялын дээд хэмжээг ногдуулдаг байна.
Энэ утгаараа Хятадын авлигын эсрэг “Үнэгний ав” гэх мэт ажиллагаа нь маш амжилттай хэрэгжсэн гэдэг. Манайд бол ийм төрлийн гэмт хэргийг бараг маазруулаад өнгөрдөг. АТГ-аас авлига, албан тушаалын хэргээр хэн нэгний саатуулдаг. Тэр нөхрийг нь “…Акул”, эсвэл “…Жараахай” гээд нэрлэчихнэ. Тэгээд “…Мөн, биш” гээд маргачихна. Ингэсээр, нэг мэдэхэд нөгөө нөхөр нь “акул” ч биш, “жараахай” ч биш болчихсон байдаг. Дээр хэлсэн “цоорхой”-нуудын аль нэгээр гараад явчихдаг гэсэн үг. Тэгвэл одоо “акул” нь ч, “жараахай”  нь ч жинхнээсээ хуультай болж магадгүй болж байна. Хэрвээ УИХ дэмжиж баталбал шүү дээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: