Рио Туркойз Хиллийн хувьцааг худалдан авч Оюутолгойн 66 хувийг эзэмшихээр боллоо

36761-1000-600.2Рио Тинто өнгөрсөн баасан гарагт 10 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойн дийлэнх хувийг эзэмшигч Туркойз Хилл Ресурсын  49 хувийг  худалдаж авахад шаардлагатай хувьцаа эзэмшигчдийн саналыг авчээ. Туркойз Хилл Ресурсын хувьцаа эзэмшигчдийн 60.5 хувийн саналыг авч, 50 хувийн босго давсан байна. Энэ бол Стаушолм болон Риогийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд  нарын хувьд маш том ялалт гэдгийг Ройтерс агентлаг онцолжээ. Хэрвээ санал хураалтад 50-иас дээш хувийн санал аваагүй байсан бол  хөрөнгө оруулагчид будлиантай үйл явцад тэднийг буруутгах байсан гэдгийг шинжээчид өмнө нь анхааруулж байсан юм. Рио Тинто Туркойз Хиллийн хувьцааг худалдаж авсанаар Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшихээр болж байна. Үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Рио Тинто эцсийн саналдаа Туркойс Хилл Ресурс компанийн нэгж хувьцааг 43 канад доллароор буюу компанийн 49 хувийг нийт 3.3 тэрбум ам.доллароор үнэлсэн. Рио Тинто Туркойс Хилл Ресурс компанийг худалдаж авах эсэх нь Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжид нөлөөлөхгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байгаа юм.  Рио Тинто  компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж Оюутолгой төслийг урагшлуулахад онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ хэлцэл нь гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд буй чухал цаг үед компанийн засаглалыг тодорхой болгож цаашид хийгдэх ажлуудыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн Оюутолгой төслийн санхүүжилт, урт хугацааны амжилтыг бататгахад чухал алхам болж байна” гэсэн. Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд Туркойс Хилл Ресурс компанийг худалдан авах манай санал хэрэгжвэл төслийн хувь эзэмшлийн бүтэц илүү энгийн болно. Мөн Рио Тинто хувь эзэмшигчийн хувиар Эрдэнэс Оюу Толгой компани, Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж бүх талуудад урт хугацааны үр өгөөж бий болгох боломж бүрдэнэ.” гэдгийг мөн тодотгосон билээ.

Гэсэн хэдий ч жижиг хувьцаа эзэмшигчид нэг талаар Монголын Засгийн газраас илүүтэй хяналт болдог учраас “Рио Тинто” “Туркойс Хилл Ресурс”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдээс салчихвал хяналтыг сулруулах сул талтай. Түүнээс гадна олон улсын бирж дээрээс Туркойз Хиллтэй хамт Оюутолгой ч алга болно.  Ямартай ч ирэх өдрүүдэд Оюутолгой орд цаашид хэдэн хөрөнгө оруулагчтай бүтээн байгуулалтын ажлууд нь явагдах вэ гэдэг нь тодорхой болно.

https://www.reuters.com/breakingviews/rio-tintos-mongolian-purgatory-is-finally-over-2022-12-09/


URL: