Б.Баттөмөр: Хэрвээ би хулгай хийсэн асуудал байвал шууд ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэнэ

battumorНүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласантай холбоотойгоор УИХ-ын таван гишүүн мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Би нам дотроосоо хамгийн анх авлигал гэдэг зүйлийг ярьж, гаргаж тавьж байгаа хүн. Авлигал хаана их байна, тэнд хөгжил сул байдаг. Монголын авлигал ардчилагдсан буюу ил тод болчихсон гэдгийг би анх хэлсэн.

Мөн миний ярьдаг нэг зүйл бол далд эдийн засаг. Монгол Улсын эдийн засагтай тэмцэх хэмжээний далд эдийн засаг урд хил дээр байна гэж Ерөнхий сайд ч хэлсэн. Энэ бол үнэн. Ийм далд эдийн засаг дотор нүүрсний хулгай байгааг ил болго гэж би байнга ярьдаг. Гэтэл надад үүний төлөө сануулга өгөх гэж байгаа юм уу гэмээр энэ асуудалд миний нэрийг холбож байна.

Би Тавантолгой гэдэг газрыг хаана байдгийг ч мэдэхгүй. Хэрвээ очихоор бол хүнээр л заалгаж очно. Тэр хулгай нүүрлэчихсэн Эрдэнэс Тавантолгойн оффис хаана байдгийг ч мэдэхгүй. Захирал Б.Ганхуяг гэж хүнийг нь зүгээр л зүс танина. Түүнээс биш уулзаж байгаагүй. Надад хийсэн гэрээ байхгүй, би машин явуулдаггүй. Яагаад би үүнд холбогдчихсоныг мэдэхгүй байна.

Хүний нэр төрд ингэж халдаж байгаа бол асуух хэрэгтэй. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэмдэглэсэн компанийн эзэмшилд Өмнөговийн Цогтцэцийд 2-3 шатахуун түгээх станц байдаг. Тухайн станцаас тэнд төмөр зам тавьдаг компаниас эхлээд хүмүүс автомашинууддаа гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлээд шатахуун авдаг. Энэ бол зүгээр л өдөр тутамд байдаг бизнесийн харилцаа. Өөр надад юу ч байхгүй. Хэрвээ би тэнд машин явуулдаг, хулгай хийсэн асуудал байвал шууд хариуцлага хүлээнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэнэ” гэв.


URL: