“Чингис бонд” бидэнд ямар сургамж үлдээв

downloadАрван жилийн өмнө арилжаалсан Чингис бондын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлснийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Ингэснээр манай улс тус бондын өр төлбөрийг бүрэн төлж барагдуулж байгаа юм.

Чингис бондыг 2012 онд олон улсын зах зээлд арилжаалж байсан бөгөөд тухайн үед 4.1-5.1 хувийн хүүтэй, нийт үнэлгээ нь 1.5 тэрбум ам.долларын өрийн бичиг болж байв. Чингис бондын эргэн төлөлтийн тухайд 2018 онд 500 сая ам.доллар, 2022 оны 12 сард 1 тэрбум ам.долларын буцаан төлөлт хийх хуваарьтай байсан юм.

Харин 5.1 хувийн хүүтэй байсан Чингис бондын 600 сая ам.долларыг 3.5 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай “Century” бондоор сольсноор өрийн дарамтыг багасгаж чадсан гэдгийг албаны хүмүүс хэлж байв.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас анх удаа 2012 онд гаргаж байсан Чингис бонд бидэнд ямар сургамж үлдээсэн бэ

  1. Тухайн үед Чингис бондоор босох хөрөнгөөр ямар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх эсэх нь эцэслэн шийдэгдээгүй буюу тодорхой болоогүй байсан. Юун түрүүнд Засгийн газар бонд гаргахаар төлөвлөсөн цагаас ямар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх төлөвлөгөөг урьдчилан боловсруулах нь өндөр үр ашигтай байдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ чиглэлийг баримтлаагүй нь дутагдалтай алхам болсон гэж хэлж болох юм.
  2. Бондын 13 хувь нь банкуудаар дамжиж, 26 хувь нь Засгийн газрын төсөл хөтөлбөр, үлдсэн 63 хувь нь төсвийн санхүүжилт болсон. Нэг ёсондоо  дийлэнх хувийг нь татвар төлөгчдийн хөрөнгөөр төлөх хариуцлага хүлээсэн байдаг. Бондын санхүүжилтээр босож буй аливаа бүтээн байгуулалт эргээд тус бондын эргэн төлөлтийг хийхэд томоохон хувь нэмэр оруулах ёстой гэх зарчим баримтлаагүй нь алдаа болсон юм.

Манай улс өнгөрсөн арван жилийн хугацаанд Чингис бондын 540 сая ам.долларын хүү төлж, 264 сая ам.долларын үндсэн өр төлбөрийг төлсөн. Бусдыг нь дахин санхүүжүүлсэн байдаг. Эндээс дүгнэвэл Чингис гэдэг нэртэй бонд дууссанаас биш тус бондыг дахин санхүүжүүлсэн бондын эргэн төлөлтүүд ирэх жилүүдэд хүлээгдсээр байгаа гэдгийг санах учиртай.

Нөгөө талаар Монгол Улс Чингис бондоос хойш олон улсын зах зээлд гаргасан бондуудыг:

  1. Өмнөх бондын өр төлбөрийг барагдуулах
  2. Төсвийн алдагдлыг нөхөх гэсэн хоёр үндсэн шалтгаанаар гаргаж байна.

Энэ нь манай улсын өрийн дарамт нэмэгдэх, эдийн засаг агших, зээлжих зэрэглэл унах үндсэн шалтгаан болж байгаа юм. Өрийн эрсдэл нэмэгдэх тусам дефолт зарлах эрсдэл рүү явдаг.

Үүнээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ

  • Богино хугацаанд өндөр хүүтэй бонд олон улсын зах зээл дээр босгохгүй байх /үүнийг хуулийн хүрээнд тусгасан/
  • Нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлж валютын нөөцөө зузаатгах
  • Улсын төсвийг алдагдалгүй батлах, хэмнэлтийн төсөвт шилжих
  • Уул уурхайгаас бусад валют оруулж ирэх боломжтой салбараа дэмжих зэрэг арга хэмжээ үр дүнгээ өгөх боломжтой юм.

https://erennews.mn/article/58307


URL: