ЕХ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ
БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Ираны эсрэг шинэ арга хэмжээ авчээ. Иранд жагсаалыг нухчин дарж байгаагаас гадна Техраныг Орост дрон нийлүүлсэнтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. Харин Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээг батлахаа энэ долоо хоногийн эцэс хүртэл хойшлуулжээ.
Тодруулбал, Гадаад хэргийн сайд нар Иран дахь хүний эрхийн асуудалтай холбогдуулан ЕХ-ны хоригийн жагсаалтад 12 хувь хүн, нэг байгууллагыг, мөн дрон нийлүүлсэн асуудалтай холбоотой дөрвөн хүн, дөрвөн байгууллагыг оруулахаар шийдвэрлэсэн байна.
ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель хэлсэн үгэндээ, шинэ хориг арга хэмжээний хүрээнд хөрөнгийг царцааж, ЕХ руу зорчихыг хориглоно хэмээгээд, залуу эмэгтэйчүүд, тайван жагсагчдыг дэмжихийн төлөө шаардлагатай арга хэмжээг авна гэсэн байна. Даваа гарагт Техран засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалд оролцогчдын дундаас хоёр дахь хүнд оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: