Ам алдвал барьж болдоггүйн жишээ буюу “одод”-ын харуусал
Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгохыг шаардсан иргэд зургаа дахь өдрөө Төв талбайд жагсаж байна.
Монголд өөрсдийгөө нөлөөлөгчид гэж боддог, олон зуун дагагчтай олны танил хос, дуучин, жүжигчид бий. Намууд ч үе, үе тэднийг ашиглан улс төр хийдэг. Бизнесийнхэн ч бараа, бүтээгдэгхүүн, үйл ажиллагааныхаа зар сурталчилгаандаа “хэрэглэх” нь бий. Гэвч энэ шинэ зах зээл, шинэ төрлийн бизнес цэцэглэхийн хэрээр бусдын нэр төрийг гутаах, бизнест нь халдах, шантааж дарамт үзүүлэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Үүний нэгэн том жишээ бол олны Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгохыг шаардсан жагсаалын үеэр ил болоод буй.
Олны танил уран бүтээлч, инфлүүнсэр, ютүбэрүүд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ажилласнаа хүлээн зөвшөөрч, мэдлэг дутуугаа хүлээн зөвшөөрч олон нийтэд хандсан мэдэгдэл гаргаж эхлээд байна.
Youtuber “Gremix” буюу М.Ганбаяр өөрийн албан ёсны youtube сувгаараа:
Мэдэхгүй зүйл рүү гээ хэзээ ч битгий ороорой. Би тухайн үе ямар ч улс төрийн мэдлэг байхгүй. Ерөнхийлөгчөөс өөр хүн мэддэггүй байж байгаад тэр чигтээ явж орсон нь миний нэг дэх алдаа. Сонгуулийн үеийн үйл явдалд олны танил хүмүүс, жүжигчид угаасаа холбоотой байдаг гэдэг нь тархинд суучихсан байсан нь миний хоёр дахь алдаа. Өөрийгөө зөвтгөх гэсэнгүй. Дараагийн сонгуулиас ийм үйл явдал байхгүй.
Реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал фейсбүүк дэх өөрийн албан ёсны хуудаснаа
Мэдэхгүй гэнэдэх үе гардаг юм байна. Би зоригтой хэлнэ ээ… Миний алдаа бол: Хүүктэй авхуулсан зураг! Олны хараанд байдаг хүн үйлдэл бүрээ цэгнэх ёстой юм байна. Шууд болон шууд бусаар хүмүүст нөлөөлөхөө мэдэж хэдхэн секунд гараад өнгөрөх дүрс ч гэж бодож болохгүй юм байна. Сонгосон зам минь болохоор би магтаал шүүмжлэлийг зэрэг даана… ” гэжээ.
Инфлүүнсэр О.Золзаяа фейсбүүк дэх өөрийн цахим хуудаснаа
Би YZtv-н уран бүтээлчийн үүднээс гэрээний дагуу найруулагчийн өгсөн зохиолын дагуу захиалгат контентод орсон нь үнэн. Найруулагчдаа, продюсерууддаа гомддог нэг зүйл байдаг л даа. Тэр дундуур нь маш их хасалт монтаж орж, зохиолд байгаагүй текст, “оруулахгүй ээ, зүгээр л хэлчих” гэсэн сүүлийн өгүүлбэрийг хүртэл бичлэгт оруулсан нь юм. Ил тод харагдаж, хэлсэн хүн нь л бүх мууг үүрч яваад уур хүрдэг. Мөн ПР багийн хүнтэй нь уулзаж үзээд нээрээ л дажгүй хүн юм биш үү, хийсэн ажил ихтэй юм байна шүү дээ гэж бодон судалгаагүйгээр шийдвэр гаргасан нь миний буруу…” гэжээ.
Жүжигчин О.Дөлгөөн фейсбүүк дэх өөрийн цахим хуудаснаа
Тиймээ би сонгуульт ажилд оролцсон. Сонгуулийн үеэр маш олон хүмүүс тэр дундаа урлагийн гэлтгүй энгийн хүмүүс, оюутан залуус ч нэр дэвшигчийн арын албанд оролцож баг болоод цагийн ажил хийдгийг та нар мэдэх байх.
Ерөнхий сайд байхдаа ард түмний хайрыг татаад л тэвэрч үнсүүлээд л явсныг нь харж байсан болохоор дааж авсан ажлаа бол сайн хийдэг хүн байсан даа гэж дотроо бодсон. Үнэндээ би улс төрийн тухай мэдлэг маш муутай.
Дуучин А.Хишигдалай фейсбүүк дэх өөрийн цахим хуудаснаа
Би дэмжиж итгэсэн нь үнэн. Одоо бол ичиж үхэж байна. Гараад алаад өнгө гэж бодсон нь Нээнтэгдүүлээд шанаадуулсан бой шиг байгааг чинь хараад үнэхээр гутарч байна. Надтай адилхан дэмжиж байсан олон хүмүүсийн итгэл шалаар нэг болов.
Инфлүүсэр, тамирчин Ангууч фейсбүүк дэх өөрийн цахим хуудаснаа
Би хэнд ч санал болгож, уриалж есөн бусын сонгуулийн ажил хийгээгүй, Хүсэл мөрөөдлийхөө төлөө зөвхөн өөрийн үзэл бодол сонголтоо ил тод болгож пост оруулсан. Миний хувьд өнөө маргаашаа харж хэзээ ч дэмжээгүй, өөрийн дэлхийд гарах хүсэл мөрөөдлийхөө төлөө л эх орноо олон улсад таниулахын тулд томчуудтай хамтарч ажиллах нь зөв гэж бодсон. Сонгоод хамтарч ажиллана гэчихээд хэнч байхгүй… энэ хугацаанд бор зүрхээрээ өөрийн зүгээс зүтгээд л явж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Эдгээр хүмүүс бол зөвхөн урлаг соёлын төлөөлөл төдий. Үүний цаана маш олон уран бүтээлчид, инфлүүсрүүд хийсэн алдаагаа засахыг хүсэхгүй байж л байгаа.
Мөн жагсагчидтай хамт үзэл бодлоо илэрхийлээгүй, сонгуулиар ажилласан гэгдэх эдгээр олны танил хүмүүсийн төлөөллийг дагахгүй байх “Cancel Culture” аян сүүлийн хоёр гурван хоног эрчимтэй өрнөж буй.
Эндээс юу харж байна вэ манай инфлүүсэрүүд мөнгө өгвөл “нохойн баасыг ч эм болгож сурталчлахаас сийхгүй болсны шинж. Олон дагагчтай, олны танил гэсэн бүхний амнаас гарч байгаа үг, бичсэн пост, тарааж буй зар сурталчилгаа болгон нь гоё сайхан, зөв мундаг гэсэн үг бий. Үнэн, худал, зөв буруу олон янзын мэдээлэл дундаас бодит мэдээллийг олж авах нь иргэн танаас хамаарна гэсэн үг. Инфлүүсэрүүдийн үгэнд итгээд эд мөнгө, эрүүл мэнд, улс төр тэр чигтээ дампуурч байгааг маш сайн ойлгож авсан биз ээ.
Ц.Наранцацрал
http://www.shuud.mn/a/545481
URL: