Хүүхдийн бэлгээ зөв сонгоорой!
Хүндэт эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийн бэлэг бэлтгэхдээ үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтрээгүй, сав, баглаа боодол нь бүрэн бүтэн, шошгын мэдээлэл бүрэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгон авна уу.
Манай улсад худалдаалж буй хүүхдийн баярын 1 уут бэлгэнд 1 ширхэг жүүс, 1 ширхэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, 1 ширхэг шоколад зэрэг ойролцоогоор 6 ширхэг хүнсний бүтээгдэхүүн ордог бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг.
ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдаг бөгөөд дээрх 1 уут бэлэгний сахарын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байна.
Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдийн шүдийг өвчлүүлэх ба хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршил бууруулдаг. Иймээс эцэг эхчүүд та бүхэн сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж хүүхдүүддээ эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг ЗӨВЛӨЖ байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” 2022 оны 01/3 дугаартай удирдамжийн хүрээнд эх үрсийн баяр болон Үндэсний их баяр наадмын өдрүүдийг угтсан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийсэн. Шалгалтад 3899 хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчийг хамруулж, 5972 зөрчил дутагдал илрүүлсний 4168 буюу 70 хувийг газар дээр нь арилгуулж ажилласан. Мөн 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, 643 нэр төрлийн 36 литр, 822 кг, 4500ш бүтээгдэхүүнийг хурааж устгалын комисст шилжүүлж, 1210 нэр төрлийн 12628 ширхэг бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн зөрчлийг илрүүлж, 730 нэр төрлийн 6800 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авахуулсан байдаг.
Илэрсэн зөрчлийг эрэмбэлэн авч үзвэл:
- -16.6 хувь нь Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй,
- -9 хувь нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй,
- -8 хувь нь хүнсний худалдаа эрхлэгчид нь хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаалсан,
- -6 хувь нь шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалсан зөрчлүүд нийтлэг илэрч байжээ.
Тэгвэл шинэ жилийн баяртай холбогдуулан хүн амын дунд хоол, хүнсээр дамжин хоолны хордлого, хордлогот халдвар тархах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт, зөвлөн туслах үйлчилгээг хэрэгжүүлж байна. Тус хяналтад их эрсдэлтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд болон нэг дор олон хүнд үйлчилгээ үзүүлдэг объектууд хамрагдах бөгөөд хүүхдийн бэлэгний чанар, аюулгүй байдалд зөвлөмж хүргүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм байна.
URL: