Жижиг “Тавантолгой”-г өмчлөх гэсэн эрх баригчдын санаархал бүрэн эрхт төлөөлөгчийн томилгоогоор дахин илрэв
Нүүрсний хулгай гэх дуулианы ард хөвөрч буй нэг том ашиг сонирхол нь орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-ийг төрд авах гэсэн санаархал юм. Тэгвэл эрх баригчдын энэ санаархал өнөөдрийн Засгийн газраас гаргасан шийдвэрээр улам илэрхий болж байна. Тодруулбал Засгийн газраас орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Сайнзоригийг томилов. Энэ нь орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж, төр хувийн хэвшилдээ хүч хэрэглэж буй ашиг сонирхол гэдгийг хувьцаа эзэмшигчид шүүмжилж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
Тавантолгойн бүлэг ордын 95.5 хувьд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, 4.1 хувьд “Энержи ресурс” ХХК, 0.4 хувьд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулж байна. Харин орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийн хувьцааг орон нутгийн иргэд болон 23 орны 2700 орчим хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Өөрөөр хэлбэл байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтыг амьдрал дээр хэрэгжүүлж буй хамгийн анхны бөгөөд цорын ганц хувьцаат компани юм. Энэ ч утгаараа орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-д дур мэдэн бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь Үндсэн хууль, компанийн тухай хууль гээд маш олон хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэдгийг хуульчид, эдийн засагчид илэрхийлж байна.
Хуульч Д.Ганбаяр:
Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хүчээр нөлөөлж буй Засгийн газрын энэ шийдвэр нь цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, Монголоос нүүр буруулахад хүргэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл том сэдвийн дүйвээн дундуур жижиг “Тавантолгой” ХК-ийг төрийн мэдэлд авах нэрийдлээр хөрөнгө оруулагчдын хувьцааг булаах ажиллагаа хүчтэй идэвхижиж байна. Хүн биш хууль засаглах ёстой хэмээн ширээгээ балбаж, гараа савчдаг эрх баригчид алхам тутамдаа ашиг сонирхолдоо нийцүүлэн хууль зөрчиж, хувийн хэвшлийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэж байна.
Хуульч Д.Ганбаяр:
Төрийн мэдэлд орсон бүхэнд луйвар явагдаж, төр оролцсон бизнес болгон дампуурдаг олон жишээг бид мэднэ. Ядаж л Тавантолгойн ордоос монголчуудыг тэжээх учиртай “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа өнөөдрийг хүртэл “амилж”, ашгаа өгч чадалгүй явсаар улстөрчдийн халаасны компани болж хувирсан. Харин “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг эзэмшигч Өмнөговь аймгийн ногдол ашиг нь жилд 40-50 тэрбум төгрөгөөр хэмжигдэж, аймгийн төсвийн 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл эрх баригчид Монгол Улсын хамгийн өндөр төсөвтэй аймгийн санхүүжилтийн эх үүсвэрт гар дүрэхээр нэгэнт улайрчээ.
Монгол Улс ардчилсан парламентын тогтолцоотой гэж дэлхийд зарладаг ч, хувийн хэвшлийг үзэн яддаг эрх баригчид харин, хөрөнгө оруулагчдаасаа эхлэн боомилж, бүхнийг хаана бооно, хянана цагдана, торгоно хорино гэдэг зарчмаар сүрдүүлж, ялладаг болсон. Ийм л аргаар үйлдээгүй хэргийнх нь төлөө сошиалоор яллаж, эцэст нь бүхнийг төрийн мэдэлд нэрээр өөрсдийн эзэмшилд шингээдэг тогтолцоонд мэргэшээд удаж байна.
https://www.arslan.mn/social/mining/643223.shtml
URL: