ИРГЭД: Үр дүн гартал жагсах болно

1670541765639271c5c6cb3

Нүүрсний хулгайг эсэргүүцэн тав дахь өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлсээр байна. Жагсаалын тав дахь өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолойг тоймлог хүргэж байна.

ИРГЭД:

Хууль эрх зүйн сайд хүн ийм байж болохгүй ээ

Х.Нямбаатар сайд маань ингэж хэлсэн “Би нэрийг нь мэдэхгүй, би энд оролцох эрхгүй. Анх 48 их наяд төгрөг гэж ярьснаараа Т.Доржханд гишүүн хүмүүсээ мэдэж байгаа бол нэрлэг гэсэн. Уучлаарай хууль эрх зүйн сайд ийм байж болохгүй ээ. Нэрлээд гараад ирлээ гэхэд та юу хийх вэ? Хууль талаасаа юу хийх вэ? Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг юм. Би иргэн хүнийхээ хувьд таван хуулийг чангатгаад өгөөч ээ гэж хүсэж байгаа юм. Нэгдүгээр хөөн хэлэлцэх хугацааг сунгах. Хоёрдугаарт хилийн хоригийг уртасгаж сунгасан хөөн хэлэлцэх хугацаатай нь ижил хэмжээнд тавих. Тэр хүн арван жилийн хугацаагаара хэрэг нь хөөн хэлэлцэж байгаа бол 10 жил хилээр гарахгүй. Гэр бүлийн гишүүд, ойр дотны хэн ч бай. Гуравдугаарт гадаад болон дотоодынх нь дансыг нь гацааж түгжинэ гэж байгаа. Дөрөвдүээрт гадаадын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондоо харилцан холбоотой улсынхаа иргэний оффшор дахь мөнгийг улсынхаа төсөвт татдаг байхаар эрх зүйн зохицуулалт хийх. Тавдугаарт эд хөрөнгийг нь бүгдийг нь битүүмжлэх. Энэ таван зүйлийг хууль эрх зүйн орчиндоо бэлдэж оруулах хэрэгтэй гэж би Х.Нямбаатар сайдад иргэн хүнийхээ хувьд зөвлөмөөр байна.

Яг эрх тэгш л баймаар байна

Залуучуудтайгаа нэгдээд гурав дахь өдрөө зогсож байна. Манайх чинь муухай улс орон шүү дээ. Хууль нь энгийн иргэндээ хатуу үйлчилдэг.  Яг эрх тэгш л баймаар байна.  Дээр сууж байгаа нөхдүүддээ ч гэсэн хууль нь үйлчилдэг баймаар байна.  Шударгаар нүүрсний хулгайчдын нэрсийг зарламаар байна. Тэгэхгүй гарч ирээд бараг хоёр, гурван сарын дараа шийдэгдэнэ гэх юм бол хулгай луйвруудаа өөрсдөө зохицуулаад л цэвэрхэн гарчих байх гэж бодож байна. Жагсаалыг үр дүнтэй болтол залуучуудтайгаа нэгдээд зогссоор байх болно.

Ард түмнийг үл тоож байна шүү дээ үнэхээр

Луйвар, хулгай хийж байгаа хүмүүсийг одоо эхнээс нь бүгдийг нь зарламаар байна шүү дээ. Бүгдийнх нь ялыг нь өгдөг юм уу, эд хөрөнгийг нь хураадаг юм уу. Нэг бол одоо цаазын ялыг сэргээмээр байна. Цаазын ялыг сэргээж баялаг тонон дээрэмдээд байгаа ичих нүүргүй, эх орноо зарж байгаа, ард түмний боломжийг хулгайлж байгаа хүмүүсийг цаазалмаар байна. Тэгж цочроо өгөх хэрэгтэй. Ард түмнийг үл тоож байна шүү дээ үнэхээр. Таван халтар төгрөгний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс. Ерөнхийдөө эд нар тэр хулгайтайгаа өөрсдөө холилдчихсон болоод л арга саам хайгаад байна гэж бодож байна. Яаж зугаах вэ, яаж мултрах вэ гэдэг аргаа л хайгаад байна.

Ирж жагсаарай. Үзэл бодлоо илэрхийл. Хойчид үлдэх үр хүүхдүүдээ бод

Би хөдөө орон нутгаас жагсаалд оролцож байна. Эд нар өөрсдөө болохоор 2020 оны сонгуулиар хүчээ нэгтгэсэн. Ард түмэн яагаад хүчээ нэгтгэж болдоггүй юм. Хөдөө орон нутгаас ард түмнээ уриалж байна. Ирж жагсаарай. Үзэл бодлоо илэрхийл. Хойчид үлдэх үр хүүхдүүдээ бод. Хүмүүс янз бүрээр ярьж байна. Засгийн газар огцор, УИХ тар гээд. Минийхээр бол хуулийн нөхцлөө өөрчилж тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Ийм хуультай бол дээрдэнэ гэж байхгүй. Хөдөө хот гэлтгүй орон нутгийн амжиргаа ч муу байна. Дээдэх энэ хүмүүсийн хэдэн гар хөлүүд утсан хүүхэлдэйнүүд ч гэсэн орон нутгаар дүүрэн байгаа.


URL: