Германд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр хэт барууны үзэлтэй 25 хүнийг баривчилжээ
Хуйвалдагчид 71 настай язгууртан”Хенри XIII P.R.”-ийг /Кайзер Хайнрих / хаан ширээнд суулгахаар төлөвлөж байсан
Германы эрх баригчид лхагва гарагийн өглөө өргөн цар хүрээтэй шуурхай ажиллагааны үеэр баруун жигүүрийн радикалуудын хуйвалдагчдыг баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад тэд парламентыг зэвсгийн хүчээр булаан авах, төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар ердөө 25 хүнийг баривчилсан ч энэ бүлэглэл ардчилсан Германд маш ноцтой аюул учруулсан гэж мөрдөн байцаагчид үзэж байна.
Германы прокурорын газраас мэдэгдсэнээр 3000 гаруй цагдаа, тагнуулын ажилтнууд лхагва гарагийн өглөө Германы 11 муж, түүнчлэн Австри, Италиийн 130 газарт нэгжлэг хийсэн байна.
Италийн цагдаа нар хуйвалдагчидтай холбоотой 64 настай Германы армийн офицер асан эрийг баривчилсан тухай зарлалаа. Түүнийг Перуджа хотын зочид буудлаас баривчилсан бөгөөд тэндээс тус байгууллагын “хорлон сүйтгэх материал” олдсон байна.
Хуйвалдагчдын бүлэгт 50 орчим хүн багтсан гэж таамаглаж байна.
Германы хэвлэлүүдийн “Ханхүү Хенри XIII” гэж нэрлэж байгаа тус бүлэглэлийн удирдагч Оросыг хамгийн чухал гадаад холбоотноо гэж үзэж тэдний төлөөлөгчидтэй холбоо барихаар төлөвлөж байсныг мөрдөн байцаагчид тогтоожээ.
Үүний зэрэгцээ прокурорынхоны “Виталий Б.” хэмээн нэрлэсэн хуйвалдааны нэг гол оролцогч оросуудад хунтайж Генрихийн нэрийн өмнөөс шууд ханджээ. Гэхдээ Германы хууль сахиулах байгууллагуудад Оросын төлөөлөгчидтэй холбоо тогтоох гэсэн энэ оролдлогыг нотлох баримт байхгүй байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Оросын Элчин сайдын яам хуйвалдаантай ямар ч холбоогүй гэдгээ яаравчлан мэдэгдэв.
Хуйвалдагчид Бундестаг руу дайрч, ардчилсан засгийн газрыг түлхэн унагаж, Бүгд найрамдах засаглалыг Хаант засаглалаар солихоор төлөвлөж байсан гэжээ. Тэд бүлэглэлийнхээ удирдагчаахаан ширээнд суулгаж, улмаар 1871 онд байсан Германы эзэнт гүрний төрийн бүтцийг сэргээх зорилготой байсан гэж прокурорын газар мэдэгдэв.
Ингэхийн тулд тэд 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн тогтмол хуралдаж, цэргийн албан хаагчид болон чөлөөнд гарсан офицеруудыг элсүүлэх, зэвсэг эзэмших, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Тэд гадаад харилцаа, хууль зүй, эрүүл мэндийн яамдыг шинээр байгуулахаар төлөвлөж, эдгээр газруудын толгойд хэн ажиллахаа хэдийнэ тодорхойлсон байжээ.
Прокуроруудын хэлснээр тэд төрийн эрх мэдлийг хүчээр авах, тэр дундаа цус урсгахгүйгээр зорилгодоо хүрч чадахгүй гэдгээ сайн мэдэж байсан, үүнд ч бэлэн байсан.
Мөрдөн байцаалтын явцад тус бүлгийн гишүүд “Рейхийн иргэд” (Рейхсбургер) ба QAnon хөдөлгөөнтэй ижил үзлийг баримталдаг байсан нь тодорхой болсон.
“Яллагдагчдыг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын төрийн институци, чөлөөт, ардчилсан төрийн бүтцийг гүнзгий үгүйсгэж байгаа нь нэгтгэж байна” гэж прокурорын газраас мэдэгдэв.
ХБНГУ-ын Хууль зүйн сайд Марко Бушманн “Ардчилал өөрийгөө хамгаалж чадна” гэсэн үгээр хуйвалдагчдын эсрэг ажиллагааны талаар твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
“Рейхийн иргэд” далд хөдөлгөөн нь одоогийн ардчилсан Германы төрийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд ялангуяа Германыг 1939 оноос өмнө хилийн хүрээнд сэргээн босгохыг дэмжигчид юм. Албан бус “QAnon” хөдөлгөөний гишүүд нь хуйвалдааны онолчид юм.
Германы цэргийн тагнуулын төлөөлөгч Ройтерс агентлагт мэдээлснээр тус бүлэглэлд тусгай хүчний нэг цэрэг, нөөцөд байгаа хэд хэдэн цэргийн албан хаагч багтсан байна.
Эх сурвалж: ВВС
URL: