Л.ОЮУН-ЭРДЭНЭД Х.НЯМБААТАРААС ӨӨР ХҮН АЛГА
Л.ОЮУН-ЭРДЭНЭД Х.НЯМБААТАРААС ӨӨР ХАНЬ БОЛОХ ХҮН АЛГА
Х.Нямбаатаргүйгээр Л.Оюун-Эрдэнийг, Л.Оюун-Эрдэнэгүйгээр Х.Нямбаатарыг төсөөлөхийн аргагүй болчихсон юм биш үү, улстөрчийнх нь хувьд. Тэд ямартай ч хэн хэндээ гомдохооргүй, гомдсон ч талцаж “Чиний тэр булхайг чинь дэлгэнэ, энэ луйврыг чинь илчилнэ” гэж сүйд болохгүйгээр улстөрчийнхөө зовлон, жаргалыг хуваалцаж яваа үеэлүүд. Ялангуяа Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийн нүүрийг олон удаа тахалж, бүр цөс нь хөөрчихсөн, аргаа барсан жагсагчдын өмнө хүртэл улаан нүүрээ улалзуулж, чихээ хөлдөөх шахам чичирч зогсохыг нь харлаа. Л.Оюун-Эрдэнэ ч улс төрийн дуулиант үйл явдал, яаралтай Ажлын хэсэг байгуулах шаардлагатай үед болон иргэдийн эсэргүүцэл, жагсаал, цуглаантай нүүр тулахаараа Х.Нямбаатарыгаа бараадаж, халхавчаа болгодог нь нууц биш. Харин тэр бүрд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар татгалзаж, таахалзаж сүйд болохгүйгээр Засгийн газартай заргалдсан бүхэнд тайлбар өгч, ямар нэгэн хэрэг байвал даруй хянаж, шалгах тухай мэдэгдлээр Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрынхантай нь хамт хамгаалаад өнгөрөөдөг. Харин түүний хийдэг тайлбар нь хэр байгаа ондог нь дараагийн асуудал болдог.
МОНГОЛЧУУД 33 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД РУУГАА АНХ УДАА ЭЛДВИЙГ ШИДЭЛЖ ҮЗЭВ
Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “нохойд барьдаг мод нь” болж ажилладаг гэсэн үг. Х.Нямбаатар өдгөө УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын Оюутолгой төслийг сайжруулах Ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын Авлигын индексийг бууруулах Ажлын хэсгийн ахлагч, Монголын Боксын холбооны Ерөнхийлөгч, Монголын спортын барилга, байгууламжийн холбооны Ерөнхийлөгч гээд төөрмөөр олон албан тушаалтай. Монголын Боксын холбооны Ерөнхийлөгч хүртэл болсон гэхээр тэр аль ч салбарт том байхыг хүсдэг нь илт.
Тэрбээр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсон цагаас л түүний өмнөөс дуугарч, олны эсэргүүцэл, тэмцлийг намжаадаг бамбай нь болж яваа. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас авлигын индексийг бууруулах 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ахлагчаар нь томилсон. Ингээд Х.Нямбаатар ахлагчтай тус ажлын хэсгийнхэн долдугаар сарын 6-нд Дорноговь аймагт очиж, Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр тэргүүтэй зургаан албан тушаалтныг сүр дуулиантайгаар баривчилж, халаа сэлгээ хийж, Засгийн газар Замын-Үүдийн мафитай тэмцэж байгаа тухайгаа мэдэгдсэн байдаг.
Мөн өнгөрсөн хаврын “Ажлаа хий” жагсаалын үеэр Ерөнхий сайдтай хамт шөнөөр талбайд гарч иргэдэд мэдэгдэл хийж, жагсаалыг өндөрлүүлж байлаа. Харин иргэдийн жагсаал, цуглааны үеэр болон Ерөнхий сайдыг “Хүчгүйдэж байна, ганцаардаж байна. Ард түмэн надтай нэгдэх хэрэгтэй” хэмээн мэдэгдэл хийх бүрд нь Х.Нямбаатар л нөхөр болдог бололтой. Бусад нь бол Л.Оюун-Эрдэнэд хань бараа болох нь битгий хэл хажууд нь зогсохоосоо хүртэл айдаг гэнэ лээ. Харин улс төрийн түүхэн үйл явдал, баяр, наадам болохоор эвсэн нэгдэж, хэлхэлдэж, хамт зургаа татуулаад л явдаг үе тэдэнд бий.
Улс төрийн хамгийн сүүлийн үеийн дуулиант үйл явдал бол нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал байлаа. Өнөөдөр ч зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар бие хамгаалагчдын хамт иргэдтэйгээ уулзаж, тэдний асуултад хариулт өгсөн. Гэвч жагсагчид Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү ундааны сав, лааз зэрэг элдвийг шидэлж, нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардаж, тэднийг хэсэг хугацаанд айлгаад амжсан. Харин Л.Оюун-Эрдэнээс өмнөх үеийн Ерөнхий сайд нарын хэнд нь ч монголчууд халдаж үзээгүй. Монголчуудын энэ удаагийн жагсаал олон хоног үргэлжлэхээс гадна улстөрчид рүү халдахыг завдаж, УИХ-ын гишүүдийг өрөөнөөсөө гарч чадахааргүй болтол нь айлгаж, иргэдээс зугтсан гишүүд хаалган дээрээ мөргөлдөх шахам зөрцгөөж, зарим нь үүднийхээ хаяг, нэрийг хуу татсан гэх зураг, бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, түмний инээдийг хүргэж, бухимдлыг нь барсан.
Харин жагсагчид Засгийн газрынхныг “Нүүрсний хулгайчдаа хаацайлж байгаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь дээ” хэмээн ярьж, бусдыгаа жагсаалд уриалсан. Мөн иргэд жагсаалын хурц хэлбэрт шилжиж, үсээ хусаж, нүцгэн жагсаал зарлаж, Төрийн ордон руу олноороо дайрч хулгайчдыг айлгаж, заримыг нь хорих ангид хүртэл аваачиж чадсан нь энэ удаагийн жагсаалын үр дүн хэмээн иргэд үзэж байна.
https://ergelt.mn/news/1/single/28253
URL: